Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Инвескор ББСБ хувьцаагаа 10 дахин хувааж, 757.4 сая ширхэг болгоно

Инвескор ББСБ хувьцаагаа 10 дахин хувааж, 757.4 сая ширхэг болгоно

Инвескор ББСБ хувьцаагаа 10 дахин хувааж, 757.4 сая ширхэг болгоно

“Инвескор ББСБ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн энгийн хувьцааг 1:10 харьцаагаар хуваах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 450 дугаар тогтоолоор компанийн хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, нэг бүр нь 227 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 75,744,281 ширхэг энгийн хувьцааг 10 дахин хувааж, нэг бүр нь 22.7 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 757,442,810 ширхэг хувьцаа болгох юм.

Хувьцаа хуваах ажиллагааны үр дүнд хөрөнгө оруулагчдын эзэмшиж буй хувьцааны тоо 10 дахин нэмэгдэхийн зэрэгцээ нэгж хувьцааны үнэ мөн харьцаагаар буурна. Гэхдээ энэ нь компанийн зах зээлийн нийт үнэлгээ болон хувьцаа эзэмшигчдийн эзэмшлийн нийт үнэ цэнийг өөрчлөхгүй. Өөрөөр хэлбэл, хувьцааны тоо болон нэгж хувьцаанд ногдох үнийн харьцаа л шинэчлэгдэж байгаа юм.

Энэхүү үйл ажиллагаатай холбоотой Инвескор ББСБ ХК (INV)-ийн үнэт цаасны арилжааг түр зогсоосон байна. “Инвескор ББСБ” ХК-ийн мэдээлснээр хувьцаа хуваах ажиллагааны явц, хэрэгжилттэй холбоотой мэдээллийг хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагчдад тухай бүр хүргэх аж.

Хувьцаа хуваах нь хөрөнгө оруулагчдад ямар давуу талтай вэ?

Хувьцаа хуваах буюу Stock Split нь компанийн нийт үнэ цэнийг өөрчлөхгүйгээр нэгж хувьцааны үнийг бууруулж, хувьцааны тоог нэмэгдүүлдэг үйл явц юм.

Тухайлбал, 1,000 ширхэг хувьцаа эзэмшдэг хөрөнгө оруулагч хуваалтын дараа 10,000 ширхэг хувьцаатай болно. Харин нэгж хувьцааны үнэ 10 дахин буурах тул эзэмшлийн нийт үнэ цэнэ хуваалтын өмнөхтэй ижил байна.

Энэхүү зохицуулалт нь хөрөнгө оруулагчдад хэд хэдэн давуу тал бий болгодог.

  • Хөрөнгө оруулалтын хүртээмж нэмэгдэнэ. Нэгж хувьцааны үнэ буурснаар харьцангуй бага хөрөнгөөр хувьцаа худалдан авах боломж бүрдэж, жижиг хөрөнгө оруулагчдын оролцоог дэмжих нөхцөл бий болно.
  • Хөрвөх чадвар нэмэгдэх боломжтой. Зах зээлд эргэлдэх хувьцааны тоо өссөнөөр худалдан авах, худалдах захиалгын идэвх нэмэгдэх боломжтой.
  • Хөрөнгө оруулалтын уян хатан байдал сайжирна. Хувьцааны нэгж үнэ буурснаар хөрөнгө оруулагчид хөрөнгийн хэмжээндээ тохируулан худалдан авалт хийх, багцаа бүрдүүлэхэд илүү уян хатан болно.
  • Хөрөнгө оруулагчдын хүрээ тэлэх боломжтой. Нэгж хувьцааны үнэ харьцангуй хүртээмжтэй болсноор компанийн хувьцааг сонирхох хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.

Гэхдээ хувьцаа хуваах нь компанийн бодит үнэ цэнэ, ашигт ажиллагаа болон хөрөнгө оруулагчдын нийт эзэмшлийн үнэ цэнийг шууд нэмэгдүүлдэггүй. Харин хөрөнгө оруулалтын хүртээмж, зах зээлийн арилжааны идэвхийг нэмэгдүүлэх боломжтой зохицуулалт юм.

Санхүүгийн үзүүлэлтүүд өсөлттэй байна

“Инвескор ББСБ” ХК-ийн санхүүгийн үзүүлэлтүүдийн хувьд 2026 оны эхний хагас жилд өсөлттэй ажиллажээ.

Тус компанийн хүү, шимтгэлийн орлого өмнөх оны мөн үеэс 23 хувиар өсөж, 205 тэрбум төгрөгт хүрсэн бол цэвэр ашиг 49 хувиар нэмэгдэж, 63 тэрбум төгрөг болсон байна. Тайлант хугацаанд компанийн ашгийн маржин 30 хувьд хүрчээ.

Ийнхүү “Инвескор ББСБ” ХК хувьцааны хуваалтаар хөрөнгө оруулалтын хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ санхүүгийн үзүүлэлтүүдийн өсөлтөө хадгалж байна. Хувьцаа хуваах ажиллагааны явц, хэрэгжилттэй холбоотой мэдээллийг хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагчдад тухай бүр хүргэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.