AI болон чипийн хувьцаанууд дарамтад орлоо
Хиймэл оюун ухаанд чиглэсэн асар их хөрөнгө оруулалт технологийн компаниудын мөнгөн урсгалд дарамт учруулж эхэллээ. Тайлангийн мэдээллээр Amazon-ийн борлуулалтын таамаг хүлээлтээс доогуур гарсан бол Intel PC-ийн эрэлт суларч, санах ойн чипийн хомсдол зардлыг нэмэгдүүлж байгааг анхааруулсан нь технологийн хувьцаануудын уналтыг эрчимжүүлэв.
Amazon дараагийн улирлын борлуулалтаа зах зээлийн хүлээлтээс доогуур таамагласан нь хэрэглэгчдийн худалдан авалт сулрах эрсдэлийг харууллаа. Үүний зэрэгцээ AI-ийн дэд бүтцийн зардал өссөөр байна. Alphabet болон Meta их хэмжээний хөрөнгө зарцуулсан бол Microsoft хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэхээр $25 тэрбумын бонд гаргажээ. Өндөр зардлаа өрөөр санхүүжүүлж буй AI үүлэн тооцооллын компаниудад хөрөнгө оруулагчид улам болгоомжтой хандаж байна.
Intel-ийн хувьд PC-ийн эрэлт сул байгаагаас гадна санах ойн чипийн хомсдол ойрын хугацаанд бизнесийн үзүүлэлтэд нь дарамт болохоор байна. Мөн Израиль дахь үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас үйлдвэрлэлээ хоёр долоо хоног зогсоосноор ирэх хоёр улиралд $600 сая орчим борлуулалтын орлого алдах тооцоотой байгаагаа мэдэгджээ.
AI-ийн эрэлтээр энэ онд 60%-иас илүү өссөн хагас дамжуулагчийн салбарын гол үзүүлэлт болох SOX индекс 10-р сарын оргилоосоо 13%, 6-р сарын бүх цаг үеийн дээд түвшнээсээ 21%-иар буураад байна. Санхүүжилтийн нөхцөл чангарч, AI дэд бүтцийн компаниудын өндөр зардал, өрийн дарамт нэмэгдэж буй нь салбарын өсөлтөд эрсдэл дагуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
