NYSE:GOOGL, Alphabet компанийн өр 5 дахин өсжээ
Google-ийн толгой компани Alphabet 2026 оны III улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсны дараа хувьцааны ханш нь 10 орчим хувиар уналаа. Компанийн улирлын орлого өмнөх оны мөн үеэс 25%-иар өсөж, 127.58 тэрбум ам.долларт хүрсэн ч шинжээчдийн 128.22 тэрбум ам.долларын хүлээлтэд хүрсэнгүй. Мөн нэгж хувьцаанд ногдох тохируулсан ашиг 2.67 ам.доллар болж, хүлээлтээс доогуур гарсан байна.
Хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн их татсан үзүүлэлт нь компанийн чөлөөт мөнгөн урсгал 9.07 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан явдал байв. Энэ нь шинжээчдийн төсөөлж байсан 2.7 тэрбум ам.долларын алдагдлаас хавьгүй өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн компанийн урт хугацаат өр жилийн өмнөх 21.6 тэрбум ам.доллараас 125.1 тэрбум ам.доллар болж, бараг 5.8 дахин өсжээ.
Alphabet хиймэл оюун ухааны дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж, 2026 оны капиталын зардлын төсөөллөө 195–205 тэрбум ам.долларт хэвээр хадгалсан байна. Харин 2027 онд энэ зардал мэдэгдэхүйц нэмэгдэж, 300 тэрбум ам.долларыг давах төлөвтэй байгаа нь AI салбарын хөрөнгө оруулалтын өгөөжийн талаарх болгоомжлолыг нэмэгдүүлж байна.
Нөгөө талаас, Google Cloud-ийн орлого 103%-иар өсөж, 30.7 тэрбум ам.долларт хүрсэн нь компанийн тайлангийн эерэг үзүүлэлт байлаа. Мөн Gemini аппликейшний хэрэглэгчдийн тоо нэг тэрбумд хүрсэн нь AI бүтээгдэхүүний хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг харуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
