Валютын нөөц өсөж байгаа ч өр төлөх хугацаа ойртсоор...
Монгол Улсын экспортын орлого 2026 оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 54%-иар өсөж, 16.6 тэрбум ам.долларт хүрлээ. Үүний үр дүнд гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд түвшнээ шинэчлээд байна.
Гэвч нөгөө талд Монгол Улсын нийт гадаад өр 39.1 тэрбум ам.доллар байгаа нь анхаарал татаж байна. Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. 39.1 тэрбум ам.долларын өрийг бүгдийг нь Засгийн газар төлөхгүй. Үүнд арилжааны банкууд, хувийн компаниуд болон уул уурхайн томоохон төслүүдийн авсан зээлүүд багтдаг.
Жишээлбэл, уул уурхайн компани гадаадын хөрөнгө оруулагчаас урт хугацаатай зээл авч, олборлосон бүтээгдэхүүнийхээ орлогоор эргэн төлөх боломжтой. Харин Засгийн газар эсвэл банкны гаргасан бонд тодорхой хугацаанд төлөгдөх ёстой. Тиймээс эдгээр өрийн эрсдэл харилцан адилгүй юм.
Харин 2027 онд нийт 1.59 тэрбум ам.долларын гадаад бондын эргэн төлөлт хүлээгдэж байна. Энэ нь өнөөгийн валютын нөөцийн 17.9%-тай тэнцэх хэмжээ юм. Тухайлбал, Улаанбаатар хотын 500 сая ам.долларын бондын эргэн төлөх хугацаа ойртож байгаа ч санхүүжилтээр нь хэрэгжүүлж буй Сэлбэ дэд төвийн төслийн гүйцэтгэл 30.4%-тай байна. Мөн Засгийн газрын 423 сая ам.долларын бондыг одоогийн 3.5%-ийн хүүгээс өндөр өртгөөр дахин санхүүжүүлэх шаардлага үүсэж болзошгүй.
Энгийнээр хэлбэл, хугацаа нь дуусаж буй зээлээ шинэ зээлээр төлж болох ч шинэ зээлийн хүү өндөр байвал ирээдүйн санхүүгийн ачаалал нэмэгдэнэ гэсэн үг. Үүн дээр уул уурхайн томоохон компаниудын гадаад зээлийн төлбөр нэмэгдэхээр байгаа тул Монголбанк 2027 онд төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах эрсдэлтэй гэж үзэж байна.
Иймээс Монгол Улсын хувьд валютын нөөц 8.9 тэрбум ам.долларт хүрсэн нь эерэг үзүүлэлт боловч гол анхаарах асуудал нь нийт өрийн хэмжээ бус, ирэх жилүүдэд төлөх өрөө ямар эх үүсвэрээр, ямар өртгөөр санхүүжүүлэх вэ гэдэгт оршиж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
