Anthropic IPO ойртлоо: Орлого нь огцом өссөн ч асар их алдагдал
Хиймэл оюун ухааны салбарын тэргүүлэгчдийн нэг Anthropic компани Nasdaq биржид хувьцаагаа олон нийтэд санал болгох (IPO) бэлтгэлээ эрчимжүүлж байна. Claude AI-г хөгжүүлэгч тус компани хурдацтай өсөж буй орлого, асар их хөрөнгө оруулалт, санхүүгийн алдагдал болон AI-ийн аюулгүй байдлын эрсдэлүүдийн огтлолцол дээр хөрөнгийн зах зээлд гарахаар бэлтгэж байна. Тус компани IPO хийхдээ “ANT” тикертэй байхаар төлөвлөсөн бөгөөд 2026 оны 11-р сарын 16-ны долоо хоногт хийхээр зорьж байгаа аж. Гэхдээ IPO хийх эцсийн өдөр болон хувьцаагаа санал болгох нөхцөл хараахан баталгаажаагүй байна.
Anthropic-ийн орлого эрчимтэй өсөж байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Тус компанийн 2026 оны эхний хагас жилийн орлого $16.3 тэрбумд хүрсэн байна. Мөн Fortune 500 жагсаалтад багтдаг компаниудын талаас илүү нь Anthropic-ийн томоохон харилцагч болсон нь AI бүтээгдэхүүний хэрэглээ зөвхөн хэрэглэгчдийн түвшинд бус, бизнесийн салбарт ч эрчимтэй тэлж байгааг харуулж байгаа юм.
Гэвч орлогын өсөлтийн цаана санхүүгийн томоохон эрсдэл байгаа нь компани 2026 оны эхний хагаст $80.7 тэрбумын цэвэр алдагдал тайлагнасан ч үүнд хувьцаанд хөрвөх бондтой холбоотой үйл ажиллагааны бус зардал голлон нөлөөлжээ. Харин үндсэн үйл ажиллагааны алдагдал нь өмнөх оны мөн үеэс буурч, тохируулсан үйл ажиллагааны орлого эерэг түвшинд хүрсэн байна. Гэсэн ч AI загвар хөгжүүлэх, сургах, ажиллуулахад шаардагдах тооцоолох хүчин чадлын зардал цаашид ч компанийн хамгийн том зардал хэвээр байх төлөвтэй.
Нөгөө талаас Anthropic-ийн IPO нь бүхэлдээ AI салбарын үнэлгээ, хөрөнгө оруулалтын өгөөжийг шалгах чухал сорилт болохоор байна. Зарим хөрөнгө оруулагч тус компанийг $1.5-2 их наядын үнэлгээнд хүрэх боломжтой гэж тооцож байгаа ч энэ нь эцэслэн баталгаажсан үнэлгээ биш юм. Иймээс Anthropic-ийн хувьцаанд хөрөнгө оруулагчид хэр хэмжээний үнэ төлөхөд бэлэн байгаа нь дараагийн AI компаниудын IPO болон салбарын нийт үнэлгээнд жишиг тогтоож магадгүй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
