АНУ-ын завсрын сонгуулийн дараа хувьцааны зах зээл түүхэндээ дунджаар 13.7%-иар өсжээ
АНУ-ын завсрын сонгуулийн дараа хөрөнгийн зах зээл ихэвчлэн эерэг үзүүлэлттэй байдаг. 1982–2022 оны хооронд болсон 11 удаагийн завсрын сонгуулийн дараах нэг жилийн хугацаанд S&P 500 индекс бүгдэд нь өсөж, дунджаар 13.7%-ийн өгөөж үзүүлжээ.
Сонирхолтой нь, хөрөнгө оруулагчид нэг нам төрийн бүх эрх мэдлийг төвлөрүүлснээс илүүтэй эрх мэдэл хоёр намын хооронд хуваагдсан нөхцөлийг эерэгээр хүлээн авах хандлагатай байна. Тухайлбал, 1980 оноос хойших сонгуулийн үр дүнг харьцуулахад эрх мэдэл хуваагдсан тохиолдолд S&P 500 индекс дараагийн нэг жилд дунджаар 15%-иар өссөн бол нэг намын бүрэн хяналттай үед 11.5%-иар өсжээ. Учир нь эрх мэдэл хуваагдсанаар төсвийн хэт тэлэлт болон бодлогын огцом өөрчлөлт гарах магадлал буурдаг гэж шинжээчид үздэг.
Гэхдээ сонгуулийн үр дүн нь хувьцааны зах зээлийн өсөлтийг дангаараа тодорхойлохгүй. Түүхэн жишээнээс харахад Холбооны нөөцийн банкны мөнгөний бодлого, компанийн ашигт ажиллагаа болон эдийн засгийн өсөлт илүү хүчтэй нөлөө үзүүлдэг.
Иймээс энэ удаагийн завсрын сонгуулийн дараа зах зээл өсөх түүхэн хандлага байгаа ч хиймэл оюун ухааны салбарын хөрөнгө оруулалт, технологийн компаниудын үнэлгээ, бодлогын хүү болон геополитикийн эрсдэл S&P 500 индексийн цаашдын чиглэлийг тодорхойлох гол хүчин зүйлс хэвээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
