САНГИЙН МЕНЕЖЕРҮҮД ЮУНД АНХААРЛАА ХАНДУУЛАВ? BOFA-ИЙН “ТОМЧУУД” 5 САРД
Bank of America-ийн сангийн менежерүүдийн 2025.05 сард хийсэн судалгаа нь хөрөнгө оруулагчдын хандлага, хүлээлт эргэлтийн цэг дээр ирснийг харуулж байна.
Судалгаанд 208 институтийн сангийн менежер оролцсон бөгөөд тэд нийт 522 тэрбум ам.долларын хөрөнгийг удирдаж байгаа юм. Энэхүү судалгаанд 75% нь АНУ-БНХАУ-ын Женев дэх уулзалтын мэдээ зарлагдахаас өмнө, 25% нь дараа нь хамрагдсан бөгөөд богино хугацаанд зах зээлийн хандлага хэрхэн өөрчлөгдөж болохыг харуулсан чухал баримт болж байна.
1. Хөрөнгө оруулагчид сэтгэлзүй бага зэрэг сэргэв.
Хөрөнгө оруулагчдын сэтгэлзүйн индекс 4 сарын туйлын сул буюу 1.8 түвшнээс 5 сард 2.5 болж өссөн байна. Үүнд, АНУ-БНХАУ-ын худалдааны зөрчил намжих, тарифын түвшин буурсан мэдээ эерэгээр нөлөөлжээ. Гэхдээ энэ өсөлт хангалттай хүчтэй биш байгаа нь хөрөнгө оруулагчид эрсдэл бүрэн арилаагүй гэж үзэж байгааг илтгэнэ.
2. Эдийн засгийн “зөөлөн буулт”-ыг хүлээж байна
Судалгаанд оролцогчдын 61% нь дэлхийн эдийн засаг зөөлөн буух (soft landing) төлөвтэй гэж үзсэн нь өмнөх сарынхаас 37%-аас огцом өсөв.
Харин “хүнд буулт” (hard landing) хүлээлт 49%-аас 26% болж буурсан бол “бууралгүй үргэлжлэх” (no landing) гэдэг хүлээлт 6% болж бага зэрэг өссөн байна. Энэ нь эдийн засгийн ирээдүйн талаарх айдас саарч, тэнцвэртэй үзэл давамгайлж буйг харуулж байна.
3. Хүүг буурна гэсэн хандлага өндөр байна.
Хөрөнгө оруулагчдын 46% нь АНУ-ын Төв банк энэ онд бодлогын хүүг хоёр удаа, 25% нь гурван удаа бууруулна гэж үзэж байна. Нийт оролцогчдын гуравны хоёр нь 1-3 удаа хүүг бууралахыг хүлээж байгаа нь мөнгөний бодлого зөөлрөх хүлээлт өндөр байгааг харуулж байна.
4. Худалдааны дайн хамгийн том эрсдэл хэвээр байна.
Судалгаанд оролцогчдын 62% нь “дэлхийн эдийн засгийг унагах хамгийн том эрсдэл”-ийг АНУ-БНХАУ-ын худалдааны дайн гэж нэрлэжээ. Энэ нь өмнөх сарын 80%-аас буурсан ч айдас хэвээр байгааг илтгэнэ.
5. Мөнгөн хөрөнгийн түвшин буурсан нь хөрөнгө оруулагчид эрсдэл хүлээж эхэлснийг илтгэнэ
FMS-ийн дундаж мөнгөн хөрөнгийн түвшин 4.8%-аас 4.5% болж буурсан нь 1999 оноос хойших дунджаас (4.7%) доогуур байна. Энэ нь хөрөнгө оруулагчид зах зээлд илүү идэвхтэй оролцож, мөнгөө хөрөнгөд ажиллуулж эхэлснийг харуулж байна.
6. Алт хамгийн түгээмэл, давхардсан арилжаа болжээ.
Судалгаанд оролцогчдын 58% нь “алт худалдан авах” буюу “Long Gold” арилжааг хамгийн түгээмэл, хэт олноор хийж буй стратеги гэж үзжээ. Энэ нь зах зээл хамгаалалтын хөрөнгө рүү чиглэж байгааг илтгэнэ.
7. АНУ-ын Хятадад ногдуулах эцсийн тарифыг 37% гэж тооцож байна.
Оролцогчдын дундаж хүлээлтээр АНУ-ын Хятадад ногдуулах тариф 37% байх төлөвтэй. Энэ нь 5-р сарын 12-нд зарлагдсан 30%-аас өндөр ч өмнөх 145%-тай харьцуулахад нэлээн зөөлөн хувилбар бөгөөд зах зээлийн итгэлд эергээр нөлөөлж байгааг илтгэв.
Ерөнхий дүгнэлт:
Энэхүү судалгаа нь зах зээлийн сэтгэлзүй сэргэж байгаа ч тодорхойгүй байдал бүрэн арилаагүйг харуулж байна. Хөрөнгө оруулагчид эдийн засаг зөөлөн бууна гэж найдаж, мөнгөний бодлого зөөлрөх хүлээлттэй байгаа ч худалдааны дайн, геополитик, хэт төвлөрсөн арилжаа зэрэг эрсдэлүүдийг анхаарч байна. Энэ бол бүрэн сэргэлт гэхээс илүүтэйгээр болгоомжтой, тэнцвэртэй байр суурь шаардсан үе юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй