ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: ST. LEGER-Н МОРИН УРАЛДААНЫГ ХҮЛЭЭЛГҮЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТДАА ҮНЭНЧ ҮЛД
“Sell in May and Go Away” гэсэн хэлцийг мартах хэрэгтэй
Sell in May and Go Away “Тавдугаар сард зараад яв” гэх нэрд гарсан хэлц зах зээлийн стратеги мөн үү, эсвэл хуучирсан домог уу?
Хуучирсан хандлага мөн үү?
“Тавдугаар сард зараад яваад өг, харин St. Leger-н өдөр эргэж ир” гэх Английн хөрөнгө оруулагчдын дунд тархсан энэ хэлц XVII–XVIII зууны үеэс эхтэй. Тухайн үед Лондон хотын чинээлэг давхаргынхан зуны улиралд хөдөө рүү нүүн, есдүгээр сарын дунд үеэс хөрөнгө оруулалтын зах зээлдээ эргэн оролцдог байв. Үүний улмаас зах зээлийн идэвх буурч, зуны гүйцэтгэл сулрах хандлагатай байжээ.
(St. Leger* - Лондоны нэр хүндтэй хурдан морины уралдааны нэр)
Хэдий ийм заншил түүхэндээ тодорхой учир шалтгаантай байсан ч өнөөгийн автоматжсан, глобал зах зээлийн нөхцөлд энэ стратеги хэр ач холбогдолтой вэ гэдэг нь эргэлзээ төрүүлж байна.
1950 оноос хойших S&P 500 индексийн датанаас доорх мэдээллүүдийг авч болдог. Үүнд:
- 11-р сараас 4-р сар хүртэлх хугацаанд индексийн дундаж өгөөж өндөр
- Харин 5-р сараас 10-р сар хүртэл харьцангуй бага өгөөжтэй байна.
Гэсэн ч “бага” гэдэг нь алдагдалтай гэсэн үг биш. Жилийн дунд үеийн өгөөж муу биш ч эерэг байх нь олонтаа.
1950 оноос хойших S&P 500 индексийн сар бүрийн дундаж өгөөж'
2000 оноос хойших гүйцэтгэл: Үргэлж зах зээлд оролцох нь давуу тал
- Зөвхөн 11-р сараас 4-р сар хүртэлх хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн бол нийт өгөөж 210% хүрч байжээ.
- Зөвхөн 5-р сараас 10-р сар хүртэл оруулсан хөрөнгө оруулалтийн өгөөж 29% хүрсэн.
- Харин бүтэн жилийн турш тасралтгүй зах зээлд оролцсон бол өгөөж 299% хүрсэн.
Тэгэхээр мэдээж тогтмол хөрөнгө оруулалт хийх нь хамгийн ашигтай гэсэн дүгнэлт хийж болж байна.
"Тавдугаар сард зараад явах" гэх хэлц өнгөцхөн бол зөв мэт сонсогдож болох ч, өнөөгийн хувьсан өөрчлөгдөж буй хөрөнгө оруулалтын ертөнцөд энэ нь хуучирсан аргачлал юм.
Урт хугацааны хөрөнгө оруулалт нь “Sell in May and Go Away” домгоос ч илүү хүчтэй.
2020 оны зун дэлхий даяар цар тахал дэгдэж, зах зээл тодорхойгүй байдалд автсан ч S&P 500 индекс итгэмээргүйгээр өсөж, хөрөнгөө барьж байсан хөрөнгө оруулагчдыг шагнасан. 2009 онд, дэлхийн санхүүгийн хямралын дараах зун зах зээл гэнэтийн сэргэлт үзүүлсэн. Мөн 2016 оны зун, Их Британи Европын холбооноос гарахаар
шийдсэн нь зах зээлд удаан хугацааны савлагаа авчирна гэж хүлээгдэж байсан ч, зах зээл богино хугацаанд сэргэж, олон хүнийг гайхшруулсан.
Тэгвэл 2025 онд ямар стратеги баримталж болох вэ?
2025 онд татварын маргаан, инфляц, геополитикийн хурцадмал байдалтай нүүр тулж байна. Ийм нөхцөлд зарим хөрөнгө оруулагч “тавдугаар сард зараад явах” аргыг сонирхож магадгүй. Гэвч түүхэн жишээнүүд бидэнд зах зээл улирлын зохиомжийг дагадаггүйг олонтоо баталсан. Зун хүлээлтээс давсан өсөлт үзүүлэх нь цөөнгүй. Тиймээс хэт энгийнчилсэн стратегиас болгоомжил.
Өнгөрсөн 4-р сард хүчтэй уналт болсон ч гэсэн Fibonacci 0.5 дээр хүчтэй дэмжлэгийг авч улмаар богино хугацаанд S&P 500 индекс сэргэсэн. Мөн 1 сарын лаа doji гарсан нь цаашид өсөх боломжийг баталж өгсөн.
Тиймээс “Тавдугаар сард зараад яв” гэх хэлц нь тодорхой статистик үндэстэй ч, зах зээл хэзээ ч яг календарь дагадаггүй. Амжилттай хөрөнгө оруулалт бол улирлын домгоор биш, тогтмол, тэвчээртэй, суурь зарчимд суурилсан стратегиар бий болдог. Хэрвээ эргэлзэж байвал дараахийг санаарай:
Урт хугацаанд зах зээлд тогтвортой үлдсэн хөрөнгө оруулагчид хамгийн том шагналыг хүртдэг.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй