ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Эм Жи Эл Акуа| VOYAGE IPO –Шинжихүй
2001 оноос “Voyage” брэндийн цэвэр усыг дотооддоо үйлдвэрлэж, зах зээлд хэдийн танил болсон дотоодын цэвэр усны бизнес Эм Жи Эл Акуа-н IPO эхэллээ.
Тус компани нь өөрийн 26.73 хувийг нийт 15.2 тэрбум төгрөгөөр үнэлэн нэгж хувьцаагаа 174 төгрөгөөр санал болгож байна.
Тухайн компанийн IPO хүрээнд Голомт Капитал ҮЦК-ийн зүгээс дараах зүйлсийг онцолж байна.
- Холбоотой компаниудын дэмжлэг
Эм Жи Эл Акуа компанийн 100%-ийн хувьцаа эзэмшигч нь Ти Эм Эл Трейд ХХК бөгөөд тус компани нь Эм Жи Эл Акуа-аас гадна 8 компанийн хувьцааг эзэмшдэг. Эдгээр 8 компаниас 3 нь идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг байна.
Тухайлбал, ТЖТБ ХХК болон SESL Смарт Солюшн ХХК нь хуванцар дахин боловсруулах үйлдвэрлэл, SEGYY ХХК нь дарсны импорт хийдэг.
Түүнчлэн зэргэлдээ компани болох Эм Пластик ХХК нь бөглөө, сав баглааны зориулалттай багцлагч, ороогч уут үйлдвэрлэж байна.
Эдгээрээс харахад Эм Жи Эл Акуа компанийн холбоотой компаниуд нь ус үйлдвэрлэлд чухалд тооцогддог сав, баглаа, боодлын үйлдвэрлэл, дахин боловсруулалтаар үнэт цаас гаргагчтай синержи үүсгэж, ус үйлдвэрлэлийн өртөг бууруулахад ихээхэн дэмжлэг үзүүлдэг байна.
- Бүтээгдэхүүний диверсификац
Цэвэр усны бизнес нь эдийн засгийн циклээс хамаарал багатай /consumer staples/ буюу бүтээгдэхүүний эрэлт нь эдийн засгийн өсөлт, бууралтаас үл хамаарч тогтвортой байдгаараа онцлогтой. Иймд тус компанийн өсөлтийг тогтвортой гэж үзэж болно.
Хөрөнгө оруулагчдын дундаас үнэт цаас гаргагч цэвэр усны зах зээлээ хэрхэн тэлэх вэ? гэсэн асуулт тавих нь дамжиггүй юм.
Voyage брэндийн цэвэр ус нь 200, 330, 500, 800 мл болон 1.5, 4.5 литрийн савлагаатайгаар үйлдвэрлэгдэж байна. Үнэт цаас гаргагч өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй буюу диверсификац сайн хийгдээгүй.
Үнэт цаасны танилцуулгад Эм Жи Эл Акуа-н савласан усны биет хэмжээ нь дотоодын зах зээлийн 30 орчим хувьтай тэнцэхүйц байна гэжээ.
Эдгээр фактуудаас харахад Эм Жи Эл Акуа нь цэвэр ус гэх тогтвортой эрэлттэй салбарын томоохон тоглогч болсон байна.
Гэвч цэвэр усны зах зээлийн багтаамж хүн амын өсөлтөөр хэмжигдэх тул үнэт цаас гаргагчийн өсөлт тогтвортой удаан байна уу гэхээс биш өндөр өсөлтийг үзүүлэх магадлал бага.
Хөндлөнгийн шинжээчийн зүгээс Эм Жи Эл Акуа цаашид цэвэр усны үйлдвэрлэлээс гадна бусад шингэн хүнсний үйлдвэрлэлийг бий болгох, бүтээгдэхүүний экспортыг тэлэх зэрэг бизнесээ өргөжүүлэх стратегийг баримталснаар өсөлтөө хурдасгах, бизнесийн циклээ уртасгах боломж бий гэж дүгнэж байна.
- Ногдол ашгийн хүлээлт
2018-2022 оны хооронд борлуулалтын хэмжээ 6.6 тэрбум төгрөгөөс 33.3 тэрбум төгрөг болж, 49.8 хувийн жигнэсэн дундаж өсөлтийг үзүүлжээ. Гэхдээ энэ хооронд барааны үнэ 64.8 хувиар өссөн гэж үзвэл борлуулалтын энэхүү өсөлт нь инфляцаас хамаарсан гэж үзэж болох юм.
Харин нийт ашгийн маржин дунджаар 40 орчим хувьтай байгаа нь сайн үзүүлэлт бөгөөд өмнө дурдсанчлан холбоотой талын сав, баглаа боодлын үйлдвэрлэл, дахин боловсруулалтын дэмжлэгээр бүтээгдэхүүний өртгөө бууруулах давуу талтай байна.
Бидний зүгээс Эм Жи Эл Акуа нь харьцангуй тогтворжилтын шатандаа хүрсэн, цаашид өсөлт тогтвортой байх хүлээлттэй байгаа тул компанийн ногдол ашиг төлөлтийн харьцаа 40-60 хувьтай байх болов уу гэж таамаглаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй