Goldman Sachs: S&P 500 индекс 2027 онд 17%-иар өснө
Goldman Sachs хөрөнгө оруулалтын банк АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индексийг 2027 оны эцэс гэхэд 17%-иар өсөж, 8,700 нэгжид хүрнэ гэж төсөөлж байна.
АНУ-ын эдийн засгийн тогтвортой өсөлт болон хиймэл оюун ухааны салбарын хөрөнгө оруулалт компаниудын ашгийн өсөлтийг үргэлжлүүлэн дэмжих төлөвтэй байна. Гэхдээ S&P 500 индексийг бүрдүүлэгч компаниудын нэгж хувьцаанд ногдох ашгийн өсөлт 2026 онд 30 орчим хувьтай байх бол 2027 онд 18% болж саарах хүлээлттэй байна.
Түүнчлэн S&P 500 индексийн ирээдүйн ашигт суурилсан P/E харьцаа энэ онд 19%-иар буурч, сүүлийн 10 жилийн дундажтай ойролцоо буюу 18 дахин түвшинд хүрчээ. Бодлогын хүү харьцангуй өндөр байгаа болон AI салбарын тодорхойгүй байдлаас шалтгаалан энэхүү үнэлгээний харьцаа тогтвортой байх төлөвтэй байна. Иймд ирэх онд хувьцааны ханшийн өсөлтийг үнэлгээний тэлэлтээс илүүтэй компаниудын ашгийн өсөлт тодорхойлох юм.
Goldman Sachs 2027 онд хөрөнгө оруулалтын дараах дөрвөн чиглэлд анхаарахыг санал болгож байна.
- AI дэд бүтэц нийлүүлэгч компаниудаас хиймэл оюун ухааны хэрэглээгээр дамжуулан орлого, ашгаа нэмэгдүүлэх компаниуд руу шилжих;
- Чөлөөт мөнгөн урсгал өндөр, өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авдаг компаниудад хөрөнгө оруулах;
- Ашгийн өсөлт нь эрчимжиж буй өсөлтийн хувьцаануудыг сонгох;
- Харьцангуй хямд үнэлгээтэй эрүүл мэнд, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбар болон дунд хэмжээний компаниудад хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх.
Өөрөөр хэлбэл, Goldman Sachs хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалтын өсөлт 2027 оноос саарч, AI дэд бүтцийг бий болгох үе шатаас түүнийг ашиглан бодит орлого, ашиг бий болгох шинэ үе шат руу шилжинэ гэж үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
