Гурван их гүрний ерөнхийлөгч нар уулзаж байна
Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (APEC)-ын дээд хэмжээний уулзалт 11-р сарын 18–19-ний өдрүүдэд БНХАУ-ын Шэньжэнь хотод зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны харилцаа, хиймэл оюун ухааны технологийн өрсөлдөөн, Ираны болон Орос, Украины дайн зэрэг дэлхийн эдийн засаг, геополитикийн томоохон асуудлууд хурцадсан үед болж буйгаараа онцлог юм.
1. АНУ, БНХАУ-ын худалдааны харилцаа
Дональд Трамп, Ши Жиньпин нар энэ онд гурав дахь удаагаа уулзах гэж байна. Хоёр улсын худалдааны түр тохиролцоог 2027 оны 1-р сар хүртэл сунгасан бөгөөд энэ удаагийн уулзалтаар худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтэд голлон анхаарах төлөвтэй байна.
Талууд өнгөрсөн есдүгээр сард 30 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүний импортын тарифыг бууруулахаар тохиролцсон ч хэрэгжих хугацааг хараахан тодорхойлоогүй байна. Харин АНУ Хятадын компаниудын дэвшилтэт AI технологид нэвтрэх боломжийг улам хязгаарлаж байгаа нь хоёр улсын харилцаанд шинэ сорилт үүсгэж байна.
2. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал
11-р сарын 19-нд Дональд Трамп, Ши Жиньпин, Владимир Путин нар анх удаа гурван талт уулзалт хийхээр төлөвлөж байна.
Ираны дайн ес дэх сардаа үргэлжилж, дэлхийн эрчим хүчний үнэд дарамт учруулж байгаа бол Орос, Украины дайн ч дуусах шинжгүй байна. Түүнчлэн Тайванийн асуудлаас үүдэлтэй БНХАУ, Японы харилцааны хурцадмал байдал анхаарлын төвд байна. Гурван их гүрний удирдагчдын уулзалт түүхэн ач холбогдолтой хэдий ч тодорхой тохиролцоонд хүрэх хүлээлт харьцангуй бага байна.
3. Хиймэл оюун ухаан ба технологийн өрсөлдөөн
АНУ, БНХАУ-ын технологийн өрсөлдөөн энэ удаагийн уулзалтын анхаарал татах гол сэдвүүдийн нэг байх төлөвтэй байна. Түүнчлэн Tesla болон SpaceX-ийн гүйцэтгэх захирал Илон Маск Трампын Шэньжэнь хотод хийх айлчлалд нэгдэхээр болжээ.
Үүнтэй зэрэгцэн технологийн салбарын томоохон үйл явдлууд өрнөж байна. Nvidia улирлын санхүүгийн тайлангаа танилцуулж, ирэх улирлын төсөөллөө нэмэгдүүлсэн бол Tencent мөн санхүүгийн тайлангаа танилцуулах юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
