Хөрөнгө оруулагчийн зурхай
Монголчууд могой жилд ухааны үүд дэлгэрнэ гэлцдэг. Тиймээс ч ихэнх хүмүүс энэ жил амьдралд хандах хандлагаа эргэн харж, өмнө нь анзаараагүй олон боломжийг өөртнөө нээж, мэргэжлийн хувьд өсөж, хувийн амьдралаа өөрчилнө хэмээн өрнийн зурхайд буужээ. Тэгвэл эрхэм танд ордуудын хөрөнгө оруулалтын зурхайг хүргэж байна.
Хонь (3/21–4/19): Өсөлтийг эрхэмлэгчид
Хонины ордны хүмүүс эрч хүчтэй, зоригтой алхам хийж чаддаг ч заримдаа энэ байдал нь том эрсдэлийг дагуулдаг. Тиймээс хонины ордны хөрөнгө оруулагч нарт хэлбэлзэл ихтэй хувьцаанууд хамгийн тохиромжтой. Томоохон, нэр хүндтэй савалгаа өндөр компаниудад хөрөнгө оруулалт хийх нь хонины ордны "хож эсвэл гэртээ харь" гэсэн хандлагатай нийцдэг бөгөөд мэдээж хэрэг, том хөрөнгө оруулалт нь үргэлж илүү их ашиг авчирдаг.
Үхэр (4/20–5/20): Найдвартай, хариуцлагатай хөрөнгө оруулагчид
Үхрийн ордны хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын боломж бүрийг судлахад цаг хугацаа, хүчин чармайлт харамгүй зарцуулна. Нэг үгээр долоо хэмжиж, нэг огтолдог хүмүүс юм. Үүний үр дүнд тэд харьцангуй эрсдэл багатай, найдвартай хөрөнгө оруулалт хийдэг. Тэдний шунал дээр тоглож, богино хугацааны эрсдэлтэй зүйл хийлгэх боломжгүй. Харин эсрэгээрээ урт хугацааны ашиг орлогыг илүүд үздэг. Санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд урт хугацаанд бага багаар хөрөнгө оруулдаг.
Ихэр (5/21–6/20): Сониуч, эрсдэлд дурлагсад
Ихрийн ордныхон хөрөнгө оруулалтын бүх давуу болон сул талыг ойлгохыг хүсдэг бөгөөд сониуч зандаа хөтлөгдөж өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхээс айдаггүй. Гэсэн хэдий ч тэдний санхүүгийн ихэнх алдагдал нь мөнгөө замбараагүй, тогтворгүй аргаар удирдаж, хурдан ашиг олох оролдлогоос үүдэлтэй байдаг. Тэд бүх хөрөнгөө нэг сагсанд хийхээс зайлсхийх хэрэгтэй, эс бөгөөс энэ нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй.
Мэлхий (6/21–7/22): Арыг нь даах хуримтлалыг эрхэмлэгчид
Мэлхийн ордныхон ирээдүйдээ зориулж өнөөдөр хуримтлуулдаг төрлийн хүмүүс. Мэлхийн ордныхон шаргуу хөдөлмөрч бөгөөд санхүүгийн зөн совиндоо итгэж чадвал маш чадварлаг хөрөнгө оруулагчид болно. Тэдний хөрөнгийн багцаа төрөлжүүлэхийн тулд бага зэрэг туршилт, эрсдэл хийх нь зайлшгүй чухал.
Арслан (7/23–8/22): Том мөрөөдөлтэй, зоригтой хөрөнгө оруулагчид
Арслангийн ордныхон том мөрөөдөлтэй бөгөөд хөрөнгө оруулалтад зоригтой ханддаг. Тэд өөрсдийн бизнес санаа эсвэл төслөө хэрэгжүүлэхийн тулд зах зээлээс хөрөнгө босгохоос эмээдэггүй. Санхүүгийн шийдвэр гаргахдаа өвөрмөц, шинэлэг стратеги боловсруулдаг нь тэднийг онцгой болгодог. Урт хугацааны ашиг сонирхолд ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд шаргуу хөдөлмөр, тууштай байдлаа ашиглан тогтвортой орлого бий болгох чадвартай.
Охин (8/23–9/22): Судалгаанд суурилсан, бодлоготой хөрөнгө оруулагчид
Охины ордныхон хөрөнгө оруулалт хийхдээ маш болгоомжтой ханддаг. Тэд маш ухаалаг, логик сэтгэлгээтэй бөгөөд хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө өргөн хүрээний судалгаа, дүн шинжилгээ хийхийг эрхэмлэдэг. Тэд бусдад санхүүгийн зөвлөгөө өгөхөөс гадна мөнгийг чадварлаг удирддаг. Гэсэн хэдий ч загасчны морь усгүй гэгчээр өөрсдийн санхүүгийн шийдвэрийг гаргахад удаан, эргэлзээтэй байх магадлалтай. Тэд мөнгөө хуримтлуулж, тодорхой хэсгийг нь нийгмийн сайн сайхны үйлсэд хандивлах сонирхолтой байдаг.
Жинлүүр (9/23–10/22): Тэнцвэрийг эрхэмлэгчид
Жинлүүрийн ордныхон тансаг, гоёмсог зүйлсэд дуртай бөгөөд заримдаа санхүүгийн төлөвлөгөөгөө хэтрүүлэн зарцуулах магадлалтай. Санхүүгийн сахилга баттай байх, мэргэжлийн санхүүгийн зөвлөгөө авахад илүүдэхгүй. Юуны өмнө гэнэтийн нөхцөл байдалд зориулж бэлэн мөнгөний нөөц бүрдүүлэх хэрэгтэй. Үүний дараа илүү ашигтай хөрөнгө оруулалтын боломжуудыг судалж эхлэх нь зүйтэй. Жинлүүрийн ордныхон зээлээр амьдрахыг үзэн яддаг тул санхүүгийн хяналтаа гартаа авахыг чухалчилдаг.
Хилэнц (10/23–11/21): Дүрэмд баригдалгүй хөрөнгө оруулдаг нууцлаг хүмүүс
Хилэнцийн ордныхон хөрөнгө оруулалтад нууцлаг, тайван байдлаар ханддаг. Тэд нөхцөл байдлыг нарийн үнэлсний дараа хөрөнгө оруулалтын хүрээгээ аажмаар өргөжүүлдэг. Санхүүгийн төлөвлөлт, төсөв зохиох тал дээр маш чадварлаг бөгөөд ашиг олохдоо зөн совингоо амжилттай ашигладаг. Мөн гэнэтийн нөхцөл байдлыг ухаалгаар даван туулдаг. Тэд хөрөнгийн зах зээлд ихээхэн сонирхолтой бөгөөд шаардлагатай судалгаагаа хийсний дараа л хөрөнгө оруулалтаа эхлүүлдэг. Өөрсдийн санхүүгийн нууцыг бусадтай хуваалцах нь ховор.
Нум (11/22–12/21): Санхүүгийн эрх чөлөө, хөгжил дэвшилд татагддаг
Нумын ордныхон санхүүгийн эрх чөлөө, хөгжил дэвшлийн санаанд гүн гүнзгий татагддаг. Тэд хувийн санхүүгээ босгоход удаан боловч тогтвортой хурдаар ахиц гаргадаг. Гэсэн хэдий ч хөрөнгийн зах зээлийн эрсдэлтэй урхинд унахаас зайлсхийх нь зүйтэй. Санхүүгийн зөвлөхөөр ажиллах эсвэл хөрөнгө оруулалтын платформ ашиглан бусдад мэргэжлийн зөвлөгөө өгөхдөө сайн. Эцэст нь, тэд тогтмол хөрөнгө оруулах дадал бий болгосныхоо дараа өөрсдийн хөрөнгө оруулалтыг илүү амжилттай удирдаж чаддаг.
Матар (12/22–1/19): Тогтвортой, сахилга баттай хөрөнгө оруулагчид
Матрын ордныхон богино хугацааны чиг хандлага эсвэл баталгаагүй хөрөнгө оруулалтад сонирхолгүй байдаг. Тэд ихэвчлэн орлого болон зарлага сайн хянаж чаддаг хүмүүс. Тэд санхүүгээ ирээдүйтэйгээ уялдуулан хөрөнгө оруулалт хийдэг. Урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдалд бэлэн байхыг чухалчилж, санхүүгийн зорилгодоо тууштай байдаг. Эрсдэлийг бууруулахын тулд төрөлжүүлсэн хөрөнгө оруулалт хийхийг илүүд үздэг.
Хумх (1/20–2/18): Инноваци, нийгмийн төсөлд хөрөнгө оруулагчид
Хумхын ордныхон их өгөөмөр хүмүүс тул заримдаа өөрийгөө гаргуунд нь гаргах эрсдэлтэй байдаг. Хөрөнгө оруулалт, хуримтлалд ухаалаг хандахын тулд мэргэжлийн санхүүгийн зөвлөх эсвэл хөрөнгийн менежертэй хамтран ажиллах нь тэдэнд хамгийн сайн шийдэл болдог. Ихэвчлэн хувьцаанд суурилсан хөрөнгө оруулалтад сонирхолтой байдаг. Мөн тэд нийгмийн сайн сайханд чиглэсэн төслүүд болон буяны ажилд хөрөнгө оруулах дуртай.
Загас (2/19–3/20): Урт хугацааны хөрөнгө оруулалтыг эрхэмлэгчид
Загасны ордныхон хөрөнгө оруулалтын хувьд заримдаа хэт гэнэн зан гаргах хандлагатай байдаг. Богино хугацаанд их ашиг амласан боломжуудаас зайлсхийх хэрэгтэй. Тэд санхүүгээ хөтлөх тал дээр ихэвчлэн эмх замбараагүй тул санхүүгийн шийдвэр гаргахад мэргэжлийн зөвлөгөө шаардлагатай болдог. Загасны ордныхонд урт хугацааны хөрөнгө оруулалт хамгийн тохиромжтой. Тэд мөнгөө чөлөөтэй зарцуулах дуртай ч хэт их зарлага нь ирээдүйн боломжийг хязгаарлаж болзошгүй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй