АНУ-ын үйлдвэрлэгчдийн үнийн өсөлт сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрлээ
АНУ-ын инфляцын дарамт есдүгээр сард дахин эрчимжиж, хэрэглээний болон үйлдвэрлэгчдийн үнийн индексүүд зах зээлийн хүлээлтээс өндөр гарлаа. Пүрэв гарагт буюу өчигдөр нийтлэгдсэн мэдээллээр үйлдвэрлэгчдийн үнийн индекс (PPI) сарын өмнөхөөс 1.3%, жилийн өмнөхөөс 6.3%-иар өссөн нь 2022 оны сүүлээс хойших хамгийн өндөр жилийн өсөлт болжээ. Харин шинжээчид сарын өсөлтийг ердөө 0.5%, жилийн өсөлтийг 5.3% байна гэж таамаглаж байсан юм.
Инфляцын өсөлтийн гол шалтгаан нь Ираны дайнтай холбоотой газрын тос, эрчим хүчний үнийн огцом өсөлт байлаа. Есдүгээр сард бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийн үнэ 2.9%-иар нэмэгдсэний 80 орчим хувийг эрчим хүчний үнийн өсөлт бүрдүүлжээ. Гэхдээ инфляц зөвхөн шатахууны үнээр хязгаарлагдахгүй байгаа бөгөөд хүнс, эрчим хүчийг хасаж тооцдог суурь PPI сарын 0.7%, жилийн 5%-д хүрсэн нь үнийн дарамт бусад салбарт ч тархаж байгааг харуулж байна.
Мөн лхагва гарагт нийтлэгдсэн хэрэглээний үнийн индекс (CPI) жилийн 3.7%-д хүрч, суурь инфляц 2.4%-иас 2.6% болж нэмэгдсэн юм. Энэ нь эрчим хүчний өндөр үнэ тээвэр, логистик болон үйлдвэрлэлийн зардлыг өсгөж, улмаар бусад бараа, үйлчилгээний үнэд нөлөөлж эхэлснийг илтгэж байна. Үйлдвэрлэгчдийн зардлын өсөлт эцсийн хэрэглэгчдэд аажмаар шилжих боломжтой тул ойрын саруудад инфляцын дарамт үргэлжлэх эрсдэлтэй байна.
Эдгээр үзүүлэлтүүд Холбооны нөөцийн сангийн (ХНС) мөнгөний бодлогын шийдвэрийг улам төвөгтэй болгож байна. Нэг талаас инфляц зорилтот 2%-иас өндөр, үнийн дарамт өргөн хүрээнд нэмэгдэж байгаа нь бодлогын хүүг дахин өсгөх үндэслэл болж байгаа бол нөгөө талаас хэрэглээний өсөлт саарч байгаа нь эдийн засгийн идэвхжилд эрсдэл үүсгэж байна.
Ийнхүү АНУ-ын эдийн засагт инфляцын дарамт нэмэгдэхийн зэрэгцээ хэрэглээний өсөлт саарч байгаа нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлж байна. Цаашид эрчим хүчний үнэ хэр удаан өндөр түвшинд хадгалагдах, үйлдвэрлэгчдийн зардлын өсөлт хэрэглээний үнэд хэр хүчтэй шилжихээс инфляцын чиг хандлага болон ХНС-ийн мөнгөний бодлогын төлөв ихээхэн хамаарахаар байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
