АНУ-д шатахууны үнэ жилийн өмнөхөөс 41% өсөж, инфляц 3.7%-д хүрлээ
АНУ-ын хэрэглээний үнийн индекс (CPI) 2026 оны 9-р сард жилийн өмнөхөөс 3.7%-иар өсөж, шинжээчдийн таамагласан 3.6%-ийг давлаа. Инфляц ийнхүү эрчимжихэд газрын тос, шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлсөн буюу нийлүүлэлтийн шинжтэй байна.
Тодруулбал, АНУ болон Ираны хооронд 2-р сарын сүүлчээс үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас эрчим хүчний нийлүүлэлтэд хүндрэл үүсэж, үнэ өндөр түвшинд хадгалагдаж байна. Үүний нөлөөгөөр эрчим хүчний үнийн индекс 5.2%-иар өссөн бол хүнс, эрчим хүчний үнийг хасаж тооцдог суурь инфляц (Core CPI) жилийн өмнөхөөс 2.6%-иар нэмэгдэж, зах зээлийн 2.5%-ийн хүлээлтээс давжээ.
Эрчим хүчний үнийн өсөлт хэрэглэгчдийн зардалд шууд нөлөөлж байна. АНУ-д нэг галлон бензиний дундаж үнэ 4.33 ам.долларт хүрсэн нь жилийн өмнөх 3.08 ам.доллартой харьцуулахад ойролцоогоор 41%-иар өссөн үзүүлэлт юм.
Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Дональд Трамп түлшний үнийн өсөлтийг сааруулах зорилгоор ОХУ-ын дизель түлшний экспортод тавьсан хязгаарлалтыг түр хугацаанд зөөлрүүлэхээр мэдэгдсэн. Гэвч уг арга хэмжээний хүрээнд нийлүүлэх түлшний хэмжээ дэлхийн нийт хэрэглээтэй харьцуулахад бага тул үнийг мэдэгдэхүйц бууруулахад хангалтгүй байна.
Инфляц өндөр түвшинд хадгалагдах нь Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах боломжийг хязгаарлаж, өндөр хүүгийн орчин удаан үргэлжлэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
