Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

АНУ-ын томоохон банкуудын ашиг өссөн ч өндөр хүүгийн орчин бизнесийн өсөлтийг сааруулж эхэллээ

АНУ-ын томоохон банкуудын ашиг өссөн ч өндөр хүүгийн орчин бизнесийн өсөлтийг сааруулж эхэллээ

АНУ-ын томоохон банкуудын ашиг өссөн ч өндөр хүүгийн орчин бизнесийн өсөлтийг сааруулж эхэллээ

АНУ-ын III улирлын тайлангийн улирлыг Wall Street-ийн дөрвөн том банк эхлүүлж, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. Goldman Sachs, Citigroup болон Wells Fargo-ийн ашиг зах зээлийн хүлээлтийг давсан бол JPMorgan сүүлийн бараг гурван жилд анх удаа таамгаас доогуур үр дүн мэдээлжээ. Хэдийгээр банкуудын ашиг өмнөх оны мөн үеэс өссөн ч өндөр хүү, бондын өгөөжийн өсөлт болон геополитикийн тодорхойгүй байдал хөрөнгө оруулалтын банк, үнэт цаасны арилжааны орлогод дарамт учруулж эхэлсэн байна.

Goldman Sachs энэ удаагийн тайлангаар хүчтэй үр дүн үзүүлж, цэвэр ашиг нь өмнөх оны $4.1 тэрбумаас $5.29 тэрбумд хүрч өсжээ. Ялангуяа хувьцааны арилжааны орлого 72%-иар нэмэгдсэн нь өсөлтийн гол хөдөлгөгч хүчин зүйл болсон байна. Зах зээлийн савлагаа нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулагчид багцаа идэвхтэй өөрчилж, банкны хувьцааны арилжаанаас олох шимтгэл, орлогыг өсгөжээ. Мөн хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээний орлого нэмэгдсэн ч бонд, валют, түүхий эдийн арилжааны орлого харьцангуй сул байсан байна.

Citigroup мөн хүчтэй тайлан танилцуулж, III улирлын ашиг нь өмнөх оны мөн үеэс 40%-иар өссөн байна. Үүнд олон улсын компаниудад үзүүлэх санхүүгийн үйлчилгээ, хөрөнгө удирдлага болон хөрөнгө оруулалтын банкны орлогын өсөлт голлон нөлөөлжээ. Гэхдээ ашиг нь өмнөх улирлаас 10%-иар буурсан нь улирлын сүүлийн хагаст зах зээлийн идэвх саарсныг илтгэж байна. Тус банкны удирдлага өндөр хүүгийн орчин нь IPO болон үнэт цаас гаргах үйл ажиллагааг удаашруулж байгаа ч цаашдын бизнесийн боломж өндөр хэвээр байгааг онцолжээ.

Харин JPMorgan Chase-ийн хувьд зээл болон хувьцааны арилжааны бизнес өсөлттэй байсан ч нийт ашиг шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй. Хувьцааны арилжааны орлого 49%-иар өссөн боловч бондын арилжааны орлого буурч, хөрөнгө оруулалтын банкны шимтгэл өмнөх улирлаас 8%-иар багассан байна. Өндөр хүү болон зах зээлийн тодорхойгүй байдлаас шалтгаалан компаниуд IPO, нэгдэх болон худалдан авах хэлцлээ хойшлуулах хандлагатай болсон нь үр дүнд нөлөөлжээ. Гэсэн хэдий ч зээлийн өсөлт тогтвортой байгаатай холбоотойгоор банк энэ оны хүүгийн цэвэр орлогын төсөөллөө нэмэгдүүлсэн байна.

Wells Fargo-ийн хувьд иргэд болон бизнесүүдийн зээлийн эрэлт тогтвортой байсан нь ашгийг дэмжиж, нэгж хувьцаанд ногдох ашиг шинжээчдийн хүлээлтийг бага зэрэг давжээ. Гэвч банкны үндсэн орлогын эх үүсвэр болох зээлийн хүүгийн орлогоос хадгаламжийн хүүгийн зардлыг хассан хүүгийн цэвэр орлого хүлээлтээс доогуур гарсан байна. Энэ нь хадгаламж татах зардал нэмэгдэж, өндөр хүүгийн орчин банкуудад зөвхөн боломж бус, зардлын дарамт ч бий болгож байгааг харууллаа.

Ийнхүү АНУ-ын банкны салбарын өсөлт үргэлжилж байгаа ч орлогын бүтэц өөрчлөгдөж эхэлсэн нь тайлангуудаас ажиглагдаж байна. Зах зээлийн савлагаа хувьцааны арилжааны орлогыг дэмжиж байгаа бол өндөр хүүгийн орчин IPO, компанийн хэлцэл болон бондын арилжааны идэвхийг хязгаарлаж байна. Цаашид ХНС-ийн бодлогын хүүгийн шийдвэр, бондын өгөөж болон зээлийн эрэлт банкны салбарын ашигт ажиллагаанд голлон нөлөөлөхөөр байна.

Энэ удаагийн тайлангийн гол онцлог нь банкуудын ашиг өссөн эсэхээс илүүтэй ямар бизнесээс орлого олж байгаа, тэр өсөлт хэр тогтвортой үргэлжлэх вэ гэдэг асуудал юм. Тиймээс хөрөнгө оруулагчид дараагийн улирлуудад зээлийн хүүгийн зөрүү, хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааны сэргэлт болон арилжааны орлогын тогтвортой байдалд илүү анхаарах төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.