АНУ-ын хувьцааны зах зээлийн өсөлт 5 дахь жилдээ үргэлжилж байна
АНУ-ын хувьцааны зах зээлийн өсөлтийн мөчлөг тав дахь жилдээ шилжиж байна. 2022 оны аравдугаар сарын доод түвшнээс хойш S&P 500 индекс 118 хувиар өссөн нь Дэлхийн II дайнаас хойших өсөлтийн мөчлөгүүдийн дунджаас давсан үзүүлэлт юм. Мөн дөрвөн жилийн хугацаанд үзүүлсэн өсөлтөөрөө түүхэн дэх гуравдугаарт бичигдэж байна.
Тодруулбал, S&P 500 индекс эхний жилдээ 21.6 хувь, хоёр дахь жилдээ 33.7 хувь, гурав дахь жилдээ 12.7 хувь, дөрөв дэх жилдээ 19.4 хувийн өгөөж үзүүлжээ.
Түүхэн мэдээллээс харахад Дэлхийн II дайнаас хойших өсөлтийн мөчлөгүүдийн тав дахь жилийн дундаж өгөөж 20.8 хувь байсан нь эхний жилийн 39.1 хувийн дараах хамгийн өндөр үзүүлэлт юм. Гэхдээ өмнөх 13 өсөлтийн мөчлөгөөс ердөө зургаа нь тав дахь жилдээ хүрч байжээ.
Түүхэн үзүүлэлтүүд зах зээлийн өсөлт тав дахь жилдээ ч үргэлжлэх боломжтойг харуулж байна. Гэхдээ өнгөрсөн үеийн дундаж өгөөж нь ирээдүйн өсөлтийн баталгаа биш бөгөөд компанийн ашиг, үнэлгээ болон мөнгөний бодлогын өөрчлөлт цаашдын чиг хандлагад чухал нөлөө үзүүлэх юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
