АНУ-ын ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн нь хувьцааны ханшийг өсгөлөө
АНУ-ын хөдөлмөрийн зах зээл 9-р сард хүлээлтээс мэдэгдэхүйц сул гарлаа. Шинээр 29 мянган ажлын байр нэмэгдсэн нь зах зээлийн 84 мянгын хүлээлтээс эрс доогуур байв. Ажилгүйдлийн түвшин мөн 4.1%-иас 4.2% болж өсжээ.
Цалингийн өсөлт ч саарч байна. Дундаж цагийн цалин 9-р сард ердөө 0.1% өсөж, жилийн өсөлт 3.0% болсон нь хөдөлмөрийн зах зээлээс үүдэлтэй инфляцын дарамт буурч байгааг харуулж байна. Хөдөлмөрийн зах зээл сулрах нь эдийн засгийн хувьд сөрөг мэдээ боловч одоогийн нөхцөлд хөрөнгө оруулагчид үүнийг Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлэх шаардлага багаслаа гэж хүлээн авч байна.
Хүүгийн өсөлтийн хүлээлт буурахад АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурах боломжтой бөгөөд энэ нь хувьцааны үнэлгээнд эерэг. Ялангуяа ирээдүйн ашгийн хүлээлт өндөртэй технологийн болон өсөлтийн хувьцаанууд хүүгийн өөрчлөлтөд илүү мэдрэг байдаг.
Гэхдээ хөдөлмөрийн зах зээл хэт хурдан муудвал нөхцөл байдал эсрэгээрээ эргэнэ. Ажилгүйдэл огцом нэмэгдэх нь хэрэглээ, компаниудын орлого болон эдийн засгийн өсөлтийг сулруулж, улмаар хувьцаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
