Sandisk-ийн орлого огцом өссөн ч зах зээл илүү ихийг хүсэв
Sandisk зах зээлийн хүлээлтээс давсан санхүүгийн үр дүн танилцууллаа. Тухайлбал, AI-ийн эрчимтэй хөгжлийн нөлөөгөөр дата төвийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, санах ой болон хадгалалтын төхөөрөмжийн эрэлт өссөн нь компанийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчин зүйл болжээ. Ялангуяа Amazon, Meta, Alphabet зэрэг томоохон cloud үйлчилгээ үзүүлэгчид хиймэл оюун ухааны дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа нь Sandisk-ийн бүтээгдэхүүний эрэлтийг дэмжсэн байна.
Үүний үр дүнд, компанийн орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 372%-иар өсөж 8.97 тэрбум ам.долларт, нэгж хувьцаанд ногдох ашиг 0.29 ам.доллараас 39.25 ам.доллар болж нэмэгджээ.
Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчдын анхаарал зөвхөн өнгөрсөн улирлын сайн үр дүнд бус, компанийн цаашдын өсөлтийн төлөвт төвлөрч байв. Sandisk ирэх улирлын орлогоо 10.3–10.8 тэрбум ам.доллар байхаар төсөөлсөн нь Уолл Стритийн 10.82 тэрбум ам.долларын хүлээлтээс доогуур үзүүлэлт болсон байна. Энэ нь AI-ийн эрэлт хүчтэй хэвээр байгаа хэдий ч зах зээл компаниас илүү өндөр өсөлт, илүү өөдрөг хэтийн төлөв хүлээж байгааг харууллаа.
Sandisk-ийн хувьцаа он гарснаас хойш 469%, сүүлийн 12 сарын хугацаанд 3,108%-иар өссөн тул хөрөнгө оруулагчдын хүлээлт аль хэдийн өндөр түвшинд хүрсэн байв. Ийм нөхцөлд зөвхөн сайн санхүүгийн үр дүн хангалтгүй болж, зах зээлд илүү хүчтэй ирээдүйн өсөлтийн төлөв шаардлагатай болсон нь хувьцааны бууралтын гол шалтгаан болжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
