Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Таван толгойг ойлгох нь: Нэг нэрийн цаадах хоёр компани

Таван толгойг ойлгох нь: Нэг нэрийн цаадах хоёр компани

Таван толгойг ойлгох нь: Нэг нэрийн цаадах хоёр компани

Тавантолгой ХК: 2026 оны эхний хагас жилийн санхүүгийн гүйцэтгэлийн шинжилгээ

Монголчуудын хувьд “Тавантолгой” гэх нэр хамгийн түрүүнд Эрдэнэс Тавантолгой ХК-ийг санагдуулдаг. Гэвч хөрөнгө оруулагчдын хувьд ялгаж ойлгох ёстой нэг чухал зүйл бий. Тэр нь Эрдэнэс Тавантолгой ХК болон Тавантолгой ХК (MSE: TTL) нь нэг компани биш юм.

Хоёр компани хоёулаа Өмнөговь аймаг дахь дэлхийн хамгийн том коксжих нүүрсний ордуудын нэг болох Тавантолгойн ордын өөр өөр лицензийн талбайд олборлолт явуулдаг ч өмчлөлийн бүтэц, санхүүгийн тайлан, хувьцааны үнэлгээ, хөрөнгө оруулагчдын өгөөж нь бүрэн тусдаа байдаг.

Эрдэнэс Тавантолгой ХК нь төрийн өмчит бөгөөд Монгол Улсын иргэдийн эзэмшдэг 1,072 хувьцаагаар хамгийн сайн танигдсан компани юм. Харин Тавантолгой ХК нь Монголын хөрөнгийн биржид TTL тикерээр арилжаалагддаг, олон нийтэд нээлттэй хувьцаат компани бөгөөд Монголын хөрөнгийн зах зээл дээрх хамгийн өндөр ашигт ажиллагаатай уул уурхайн компаниудын нэгээр олон жилийн турш нэрлэгдэж ирсэн.

Өөрөөр хэлбэл, хоёр компани нэг уурхай биш, нэг нь нөгөөгийн охин компани ч биш. Харин нэг ордын өөр өөр хэсгийг ашигладаг, ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч бие даасан санхүү, үйл ажиллагаатай компаниуд юм.

2026 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан Тавантолгой ХК-ийн тэргүүлэх байр суурийг улам баталгаажууллаа. Борлуулалтын огцом өсөлт, ашигт ажиллагааны шинэ дээд түвшин болон хувьцаа эзэмшигчдийн өгөөжийн эрс сайжрал нь компанийн түүхэн дэх хамгийн хүчтэй хагас жилийн нэгийг бүрдүүлсэн байна.

Уул уурхайн биржийн шинэ орчин ба Тавантолгой ХК-ийн зах зээлийн байр суурь

2022 оны 12-р сарын 23-нд батлагдсан "Уул уурхайн биржийн тухай хууль" нь Монголын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг илүү ил тод, зах зээлийн зарчимд нийцсэн тогтолцоонд шилжүүлэх чухал алхам болсон юм.

Хуулийн хүрээнд МХБ-ийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа 2026 оны эхний хагас жилд 5.9 их наяд төгрөгт хүрч, нийт зах зээлийн арилжааны 87.7%-ийг эзэлсэн байна. Цаашилбал, нүүрсний арилжаа 2025 оны мөн үетэй харьцуулахад 687%-иар өссөн нь шинэ зохицуулалтын үр дүн зах зээл дээр тусч буй дур зураг юм.

Энэ орчинд Тавантолгой ХК нь уул уурхайн биржийн гол тоглогчдын нэг байр сууриа улам бэхжүүлжээ. Компани 2026 оны эхний хагас жилд уул уурхайн бүтээгдэхүүний биржээр өмнөх оны мөн үеэс 10.4 дахин их буюу нийт 4.73 сая тонн нүүрс борлуулсан байна. Энэ нь тухайн хугацаанд хийгдсэн нийт нүүрсний биржийн арилжааны 27%-ийг дангаараа бүрдүүлсэн үзүүлэлт болж байгаа юм.

Түүнчлэн дуудлага арилжаагаар борлуулсан нүүрсний дундаж үнэ нь анхны дуудах үнээс 14.74%-иар өндөр тогтсон нь тус компанийн бүтээгдэхүүний эрэлт өндөр, худалдан авагчдын өрсөлдөөн идэвхтэй байгааг харуулж байна. Энэ нь тус компанийн борлуулалтын сувгууд үр ашигтайгаар ажиллаж байгааг илтгэж байгаа бөгөөд цаашид нүүрсний эрэлтээс хамааран компанийн суурь үзүүлэлтүүдэд эергээр нөлөөлөх төлөвтэй байна.

Энэхүү тогтвортой олборлолт, экспортын орлого, хүчтэй мөнгөн урсгал бий болгож байгаа нь Тавантолгой ХК-ийг Монголын хөрөнгийн зах зээл дээрх blue-chip шинжтэй цөөн компаниудын нэг болгож байна.

Тэгвэл компанийн үйл ажиллагааны энэ өсөлт санхүүгийн тайланд хэрхэн туссаныг дэлгэрүүлэн авч үзье.

2026 оны эхний хагас жил: Өсөлтөөр тодорхойлогдсон тайлан

2026 оны эхний хагас жил Тавантолгой ХК-ийн хувьд зөвхөн сайн бус, харин сүүлийн хэдэн жилийн хамгийн хүчтэй санхүүгийн гүйцэтгэлийг харуулсан үе байлаа.

Нүүрсний экспортын идэвхжил, борлуулалтын өсөлт болон өндөр ашигт ажиллагааны үр дүнд компанийн санхүүгийн үзүүлэлтүүд өмнөх оны мөн үеийг хэд дахин давсан өсөлттэй гарсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахуйц үзүүлэлт болов.

Компанийн орлого нь улирлын хэлбэлзэлтэй шинж чанартай: II хагас жилд I-ийнхээс харьцангуй их орлого олдог. Гэвч 2026 оны I хагас жил энэ загварыг эвдэн 1.40 их наяд төгрөгийн борлуулалтын орлого бүртгэснээр өмнөх оны мөн үеийн 198.1 тэрбум төгрөгөөс долоо дахин, өөрөөр хэлбэл 606.5%-иар өссөн байна.

Орлогын энэхүү хүчтэй өсөлт нь үндсэн үйл ажиллагааны ашгийг ч дагуулан өсгөжээ. Тухайлбал, нийт ашиг 661.9 тэрбум төгрөг, цэвэр ашиг 488.3 тэрбум төгрөг болж тус тус 689.4% болон 661.0%-ийн өсөлт үзүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, компани зөвхөн илүү их борлуулалт хийсэн бус, борлуулалт бүрээс бий болгож буй ашгаа ч өндөр түвшинд хадгалж чадсан нь тайлангийн хамгийн чухал онцлог юм.

Нийт хөрөнгийн хэмжээ хоёр дахин өсөв

Тайлант хугацааны эцэст компанийн нийт хөрөнгө 1.25 их наяд төгрөгт хүрч, 2025 оны жилийн эцсээс 102.9%-иар, өмнөх оны мөн үеэс 129.5%-иар өссөн байна.

Өөрийн хөрөнгө мөн 611.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 204.3%-иар өссөн нь хуримтлагдсан ашгийн өсөлт компанийн үнэ цэнийг эрчимтэй нэмэгдүүлж байгааг илтгэж байна.

Нөгөө талаас нийт өр төлбөр 642.9 тэрбум төгрөг болж өссөн ч энэ нь үйл ажиллагааны тэлэлттэй зэрэгцэн бий болсон өөрчлөлт бөгөөд компанийн ашигт ажиллагааны өндөр түвшин санхүүгийн бүтцийг дэмжсээр байна.

Ашигт ажиллагааны үзүүлэлтүүд хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгч байна

2026 оны эхний хагас жилийн байдлаар компанийн цэвэр ашгийн маржин 34.9% хүрсэн нь борлуулсан 100 төгрөг тутмаас бараг 35 төгрөгийг цэвэр ашиг болгон үлдээж байгааг илэрхийлж байна. Энэ нь 2025 оны мөн үеийн 32.4%-иас мэдэгдэхүйц сайжирсан үзүүлэлт бөгөөд компанийн зардлын удирдлага, үйл ажиллагааны үр ашиг өндөр байгааг харуулж байна.

(ROE, ROA-г сүүлийн 12 сарын үзүүлэлтийг ашиглан тооцсон болно)

Үүний зэрэгцээ ROA 64.9%, ROE 135.1% болсон нь Монголын хөрөнгийн зах зээл дээрх хамгийн өндөр ашигт ажиллагаатай компаниудын нэг хэвээр байгааг баталж байна. Ялангуяа ROE 100%-иас давсан байгаа нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө нэг жил хүрэхгүй хугацаанд өөрийн хэмжээнээс давсан хэмжээний ашиг бий болгож байгааг илтгэх маш хүчтэй үзүүлэлт юм.

Цаашилбал, цэвэр ашгийн өсөлтийн үр дүнд нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 9,271 төгрөг болж, өмнөх оны мөн үеийн 1,218 төгрөгөөс даруй 7.6 дахин өссөн байна. Харин нэгж хувьцааны дансны үнэ 11,604 төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 204%-иар өссөн нь компанийн бодит үнэ цэнэ эрчимтэй нэмэгдсэнийг харууллаа.

Хувьцааны ханшийн гүйцэтгэл хэр байна вэ?

(2024 оны 1-р сарын 2-ны ханшийг “Суурь=100” тооцсон болно)

Таван толгой ХК-ийн хувьцааны ханш сүүлийн 2 жилийн хугацаанд TOP-20 индексийг мэдэгдэхүйц давсан гүйцэтгэл үзүүлсэн байна. 2024 оны эхэнд ₮17,190 байсан TTL-ийн хувьцааны үнэ 2026 оны 7-р сарын 30-ны байдлаар ₮42,760-д хүрч, нийт 148.75%-ийн өсөлт үзүүлсэн байна. Харин энэ хугацаанд TOP-20 индекс харьцангуй тогтвортой өсөлттэй байсан бөгөөд TTL-ийн өсөлтөөс доогуур гүйцэтгэлтэй байв.

TTL-ийн ханшийн өсөлтөд нүүрсний экспортын сэргэлт, компанийн санхүүгийн үзүүлэлтүүдийн сайжралт, нүүрсний үнийн уналтын дараах өсөлт болон уул уурхайн бүтээгдэхүүний биржийн шинэ зохицуулалттай холбоотойгоор борлуулалтын ил тод байдал нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзэж болно. Ялангуяа 2026 оны 7-р сард хувьцааны ханш огцом өссөн нь хөрөнгө оруулагчдын анхаарал Таван толгой ХК-д дахин төвлөрч, эрэлт нэмэгдсэнийг харуулж байна.

Зах зээлийн үнэлгээ юу өгүүлж байна вэ?

Тайлант хугацааны эцэст Тавантолгой ХК-ийн хувьцааны ханш 32,040 төгрөг байсан бол компанийн үнэ ба ашгийн харьцаа (P/E) 2.78, үнэ ба дансны үнийн харьцаа (P/B) 2.76 түвшинд арилжаалагдаж байна.

(P/E, P/B-г сүүлийн 12 сарын үзүүлэлтийг ашиглан тооцсон болно)

Ашгийн өндөр өсөлтийг харгалзан үзвэл зах зээл компанийн гүйцэтгэлийг бүрэн үнэлж амжаагүй байх боломжтой гэсэн дохиог эдгээр харьцаанууд өгч байна.

Мэдээж нүүрсний салбар нь мөчлөг дагадаг онцлогтой бөгөөд зах зээл ирээдүйн нүүрсний үнэ, экспортын эрсдэлийг үнэлгээндээ тусгасан байх боломжтой.

Цаашдын хүлээлт

2026 оны эхний хагас жилийн санхүүгийн үр дүн Тавантолгой ХК-ийн хувьд зөвхөн сайн тайлан байгаад зогсохгүй компанийн өрсөлдөх чадвар, үйл ажиллагааны үр ашиг шинэ түвшинд хүрснийг харуулсан чухал үзүүлэлт боллоо.

Одоогийн зах зээлийн хүлээлтээс харахад хатуу коксжих нүүрсний үнэ богино хугацаанд харьцангуй тогтвортой байх төлөвтэй байгаа бол дунд хугацаанд аажмаар буурах төсөөлөл давамгай байна. Иймд Тавантолгой ХК-ийн цаашдын санхүүгийн гүйцэтгэл нь нүүрсний үнийн орчноос гадна олборлолтын хэмжээ, экспортын дэд бүтэц, борлуулалтын үр ашиг болон БНХАУ-ын эрэлтийн төлвөөс ихээхэн шалтгаалахаар байна.

Эх сурвалж: "Тавантолгой" ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны тайлан, 2026 оны санхүүгийн тайлан, (2026.04), МХБ хувьцааны мэдээлэл, Голомт Капитал ҮЦК ХХК.

Энэхүү нийтлэл нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.