АНУ гал зогсоох хугацааг сунгасан ч сөргөлдөөн намжсангүй
АНУ, Ираны хоорондын гал зогсоох тохиролцоо сунгагдсан хэдий ч хурцадмал байдал намжих бус улам гүнзгийрч, бодит нөхцөл байдал дээр сөргөлдөөн үргэлжилсээр байна. Доналд Трамп гал зогсоох хугацааг тодорхойгүйгээр сунгасан ч Ираны эсрэг далайн бүслэлтээ хэвээр хадгалж, харин Тегеран үүний хариуд Ормузын хоолойд хяналтаа чангатган, өнөөдрийн байдлаар хоёр ачааны хөлгийг саатуулсан нь нөхцөл байдлыг дахин хурцатгав.
Ираны парламентын дарга Mohammad Baqer Qalibaf гал зогсоох нь зөвхөн АНУ бүслэлтээ цуцалсан тохиолдолд утга учиртай байх боломжтой гэж мэдэгдсэн бол хоёр тал үндсэн асуудлууд болох цөмийн хөтөлбөр, далайн хяналтын талаар байр суурийн зөрүүтэй хэвээр байна. Үүний улмаас Пакистаны зуучлалаар зохион байгуулах гэж байсан хэлэлцээ ч ахицгүй хэвээр байна.
АНУ-ын зүгээс Азийн усан бүсэд Ираны дор хаяж гурван нефт тээвэрлэгчийг саатуулж, чиглэлийг нь өөрчилсөн ба АНУ-ын Төв командын мэдээлснээр одоогийн байдлаар бүслэлтийн хүрээнд нийт 29 хөлгийг буцаах эсвэл чиглэлийг өөрчлөх арга хэмжээ аваад байна.
Эдгээр үйл явдлууд нь гал зогсоох тохиролцоо цаасан дээр үргэлжилж байгаа ч бодит байдал дээр “хүйтэн сөргөлдөөн”-ий хэлбэрт шилжсэнийг харуулж байгаа бөгөөд талуудын хоорондын итгэлцэл сул, хэлэлцээ ойрын хугацаанд сэргэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
