АНУ-гүй “B төлөвлөгөө”: Холбоотнууд Ормузын хоолойн шийдлийг хэлэлцэж эхэллээ
АНУ Ормузын хоолойн асуудлаас тодорхой төлөвлөгөөгүйгээр гарах эрсдэл нэмэгдэж буй энэ үед түүний холбоотон орнууд бие даасан “B төлөвлөгөө” боловсруулах хэлэлцээг эхлүүллээ. Энэ хүрээнд Их Британиас санаачилсан уулзалтад Европ, Ойрх Дорнод, Ази, Австрали, Канад зэрэг нийт 40 гаруй улс орон оролцож, хоолойн үйл ажиллагааг сэргээх дипломат болон эдийн засгийн хувилбаруудыг хэлэлцсэн байна.
Хэлэлцүүлгийн хүрээнд Иранд чиглэсэн дипломат шахалтыг нэмэгдүүлэх, шаардлагатай тохиолдолд нэмэлт хориг арга хэмжээ авах асуудлыг авч үзжээ. Мөн Ормузын хоолойн асуудлыг аливаа гал зогсоох хэлэлцээнд заавал тусгах шаардлагатай гэсэн байр суурь давамгайлсан байна.
Энэхүү уулзалтын гол зорилго нь АНУ оролцохгүй нөхцөлд үүсэх эрсдэлийг бууруулах, холбоотнуудын уялдаа холбоог хадгалах явдал байв. Ялангуяа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НАТО-ийн гишүүн орнуудыг хангалттай оролцохгүй байна гэж шүүмжилсний дараа Европын орнууд хамтын шийдэлд идэвхтэй оролцох сонирхлоо илэрхийлэхийг зорьжээ.
Цаашид цэргийн төлөвлөгчид уулзаж, мөргөлдөөн намжсаны дараах аюулгүй байдлын арга хэмжээнүүд болох мин цэвэрлэх, тэнгисийн хяналт тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Гэсэн хэдий ч ихэнх орнууд цэргийн хүчээр хоолойг нээх хувилбарыг бодитой шийдэл гэж үзэхгүй байгаа бөгөөд Ираны оролцоогүйгээр асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж хязгаарлагдмал хэвээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
