Монгол Улсын валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрлээ
Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2026 оны эхний улирлын байдлаар 7.19 тэрбум ам.долларт хүрч, оны эхнээс 182.5 сая ам.доллароор нэмэгдэн түүхэн дээд түвшинд хүрлээ. Энэ өсөлт нь зөвхөн хэмжээний хувьд бус, нөөцийн бүтэц, чанар сайжирч байгааг илтгэж байна.
Олон улсын шалгуураар үнэлбэл Монгол Улс импортын хэрэгцээг хангах, богино хугацаат өр төлбөрөө барагдуулах чадамжийн хувьд хангалттай түвшинд хүрээд байгаа нь гадаад орчны савлагаанд илүү тогтвортой хариу үзүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Нөөцийн бүтцэд алтны эзлэх хувь нэмэгдсэн нь онцлох өөрчлөлт болж байна. Мөнгөжсөн алт нийт нөөцийн 20%-ийг бүрдүүлж, 1.4 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь дэлхийн зах зээл дээр алтны үнийн өсөлттэй шууд холбоотой. Сүүлийн нэг жилд алтны биет хэмжээ 19%-иар нэмэгдсэн ч үнийн дүнгээр хоёр дахин өссөн нь нөөцийн үнэлгээг мэдэгдэхүйц өсгөжээ.
Ийнхүү алтны жин нэмэгдэж буй нь Монгол Улс валютын нөөцийн бүтцээ илүү тэнцвэртэй болгож, эрсдэлийг бууруулах чиглэлд шилжиж байгааг харуулж байна. Геополитикийн тодорхойгүй байдал, инфляц, валютын хэлбэлзэл нэмэгдэж буй орчинд алт нь стратегийн хамгаалалтын актив хэвээр байна.
Цаашид валютын нөөцийн өсөлтийг тогтвортой хадгалах, активын зөв бүтэц бүрдүүлэх нь макро эдийн засгийн тогтвортой байдал, төгрөгийн ханшийн дархлааг хадгалах гол хүчин зүйл хэвээр байх төлөвтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
