Европын холбоотнуудыг шүүмжилж, АНУ нь НАТО-гоос гарч магадгүй гэв
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны дайны нөхцөл байдалтай холбогдуулан Европын холбоотнууд хангалттай дэмжлэг үзүүлээгүй хэмээн шүүмжилж, АНУ-ыг NATO-оос гаргах асуудлыг авч үзэж болзошгүйг мэдэгдлээ.
Тэрээр ялангуяа Европын орнууд Ормузын хоолойг нээх цэргийн ажиллагаанд оролцоогүй, мөн АНУ-д цэргийн бааз ашиглуулахад татгалзсан нь стратегийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна.
Европын орнуудын хувьд Ираны зөрчлийг шууд ашиг сонирхолд нийцэхгүй, өндөр эрсдэлтэй гэж үнэлж, цэргийн оролцоог хязгаарлах байр суурь баримталж байгаа бөгөөд уг зөрчлийг АНУ-ын санаачилсан үйл ажиллагаа гэж үзэх хандлага ажиглагдаж байна. Үүний улмаас талуудын байр суурийн зөрүү нэмэгдэж эхэлжээ.
Трамп энэ нөхцөл байдлыг NATO-гийн хүрээнд АНУ-д үзүүлж буй дэмжлэг хангалтгүй байгаагийн илрэл гэж үзэж, Украйны дайны үеэр АНУ холбоотнуудаа дэмжсэнтэй харьцуулахад хариу дэмжлэг үзүүлээгүйд шүүмжлэлтэй хандсан байна. Тэрээр мөн Их Британи, Франц зэрэг орнуудыг онцлон дурдаж, батлан хамгаалах чадавхаа бие даан нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын зарим өндөр албан тушаалтнууд ч NATO-той харилцааг дахин үнэлэх шаардлагатайг илэрхийлж байгаа нь барууны холбоотнуудын дунд стратегийн зөрүү, тодорхой хэмжээний хагарал үүсэж байгааг харуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
