SpaceX: $1.75 их наядын үнэлгээтэй, $75 тэрбум босгох IPO-гийн бэлтгэл эхэллээ
SpaceX компани АНУ-ын Үнэт цаас, биржийн комисст IPO хийх хүсэлтээ нууц байдлаар хүргүүлж, олон нийтэд нээлттэй компани болох үйл явцыг эхлүүллээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр тус компани IPO-оор 1.75 их наяд ам.долларын үнэлгээ зорьж байгаа бөгөөд зах зээлд гарах хугацааг 2026 оны 6 дугаар сар орчим гэж үзэж байна. Үүнээс өмнө xAI-ийг нэгтгэсний дараах үнэлгээ $1.25 их наяд байсан юм.
IPO-оор 75 тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө босгох боломжтой гэж үнэлэгдэж байгаа нь биелсэн тохиолдолд дэлхийн хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том IPO болох юм. Харьцуулбал, Alibaba компанийн 2014 оны IPO 22 тэрбум ам.долларын хэмжээтэй байсан нь одоог хүртэл Америкт хийгдсэн хамгийн том IPO-д тооцогдож байна.
2002 онд Илон Маск-ийн үүсгэн байгуулсан SpaceX нь дахин ашиглагдах пуужингийн технологиороо салбартаа тэргүүлж, NASA-ийн стратегийн түнш болон 2011 оноос хойш хөөргөлтийн үйлчилгээний гол нийлүүлэгчийн байр суурийг эзэлж байна. 2008 оноос хойш АНУ-ын засгийн газартай байгуулсан гэрээнээс нийт 24.4 тэрбум ам.долларын орлого олжээ.
Түүнчлэн компани 2025 онд 165 удаагийн тойрог замын хөөргөлтийг амжилттай гүйцэтгэж, Starship хөтөлбөрөө үргэлжлүүлэн туршиж байна. Мөн 10,000 орчим хиймэл дагуулаас бүрдсэн Starlink сүлжээ нь компанийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчин зүйл хэвээр байна.
Гэсэн хэдий ч зах зээлийн нөхцөл байдал тогтворгүй хэвээр байна. Геополитикийн эрсдэл болон нефтийн үнийн өсөлтөөс шалтгаалан технологийн салбар дарамтад орж, Nasdaq Composite индекс буурах хандлагатай байна.
Ийм орчинд SpaceX-ийн санхүүгийн үзүүлэлтүүд болон өсөлтийн хүлээлт өндөр хэвээр байгаа ч зах зээлийн тогтворгүй байдал нь IPO амжилттай хэрэгжих эсэхэд нөлөөлөх гол эрсдэл болж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
