G7: Яаралтай уулзалтууд үр дүн сул, зах зээлийн тодорхойгүй байдал өндөр хэвээр
Ираны зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж, геополитикийн эрсдэл өндөр байгаа энэ үед дэлхийн томоохон эдийн засгуудыг нэгтгэдэг G7 бүлэг дахин яаралтай уулзалт хийхээр болоод байна. Гэвч өмнөх уулзалтууд зах зээлд нөлөөлөхүйц тодорхой, нэгдсэн шийдэл гаргаж чадаагүй хэвээр байна.
Сүүлийн хугацаанд G7-гийн сангийн сайд, эрчим хүчний сайд болон төв банкуудын удирдлагууд хэд хэдэн удаа зөвлөлдсөн ч ихэнх шийдвэр нь нөхцөл байдлыг ажиглах, мэдээлэл солилцох түвшинд үлдсэн байна. Анхны уулзалтаар хамтын мониторинг, мэдээллийн солилцооны хүрээнд тохиролцсон бол дараагийн шатанд нефтийн стратегийн нөөцийг ашиглах зэрэг богино хугацааны арга хэмжээг хэлэлцсэн ч урт хугацааны бодит нөлөө тодорхойгүй хэвээр байна.
Үүний улмаас олон улсын нефтийн зах зээл өндөр савлагаатай болж, үнэ огцом хэлбэлзэхийн зэрэгцээ хөрөнгө оруулагчдын эрсдэлийн хүлээлт нэмэгдэж байна. Геополитикийн тодорхойгүй байдал өсөх тусам зах зээлийн эрсдэл ч нэмэгдэх хандлагатай байна.
Европын холбооны зарим төлөөлөгчид асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх байр суурь илэрхийлж байгаа ч G7-гийн гишүүн орнуудын бодлогын ялгаа, стратегийн зөрүү нь нэгдсэн шийдвэр гаргахад саад болж байна.
Нөхцөл байдлын цаана АНУ-ын “America First” бодлого, холбоотнуудын итгэлцлийн сулрал, мөн Украйны дайнаас хойш G7-гийн бодлогын нэгдмэл байдал буурсан зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.
Ийм нөхцөлд G7 бүлэг Иран болон Украйны зөрчлийг шийдвэрлэхэд үр дүнтэй дипломат механизм болж чадах эсэх талаар зах зээлийн эргэлзээ нэмэгдсээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
