Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл
Монгол Улс “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр хамтран байгуулах” төслийн үр ашгийг гадаад харилцааны сувгаар дамжуулан зэс, металлын салбарыг тэргүүлэгч 20 улсын 55 компанид хүргүүлжээ. Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын хөрөнгө оруулалтын 20 сан, санхүүгийн болон хөгжлийн чиглэлийн 20 гаруй байгууллагад төслийн мэдээллийг илгээсэн байна.
Манай улс зэсийн арвин нөөцтэй. Батлагдсан нөөцөөрөө дэлхийд 12-т, олборлолтын хэмжээгээрээ 62-т эрэмбэлэгддэг. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл зэсийн хүдэр, баяжмалаа экспортолж ирсэн нь нэмүү өртөг багатай хэлбэр байсаар ирсэн бөгөөд энэ байдал сүүлийн 30 гаруй жил үргэлжилжээ.
“Эрдэнэт үйлдвэр”, “Оюу толгой” зэрэг томоохон төслүүд зэсийн баяжмал олборлон экспортолдог. Жишээлбэл, “Эрдэнэт үйлдвэр” 1.7 сая тонн зэсийн баяжмал экспортолж, 3 тэрбум ам.долларын орлого олсон нь зэсийн жинхэнэ боломжит үнийн зөвхөн багахан хэсэг юм.
Хэрэв зэсийг дотооддоо хайлуулж, цаашлаад зэсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох боломж бүрдвэл нэг тонн зэсээс олох өгөөж хэд дахин нэмэгдэх юм. Үүний зэрэгцээ ажлын байр нэмэгдэж, технологийн хөгжил ахиж, дагалдах үйлдвэрлэл тэлэн, хүний нөөцийн чадавх сайжрах стратегийн ач холбогдолтой.
Иймээс зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах эсэх нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтаас хамаарах бус, манай улсын бодлогын тууштай байдал, төрийн тогтвортой засаглал, урт хугацааны алсын хараанаас шууд шалтгаалах чухал асуудал юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
