Мягмар гарагт нефтийн үнэ өслөө
Оросын нефтд тавьсан барууны хоригийн нөлөө болон Трамп дараагийн Холбооны Нөөцийн даргыг сонгох ярилцлагыг эхлүүлсэн тухай мэдээ нөлөөлөв.
Арилжааны дүн:
- Brent төрлийн нефтийн үнэ 69 центээр буюу 1.07%-иар өсөж, баррель нь $64.89
- АНУ-ын WTI төрлийн нефть 83 центээр буюу 1.39%-иар өсөж, $60.74-т тус тус хаагдсан байна.
ХНС-гийн нөлөө ба Эрэлтийн хүлээлт
Шинжээчдийн тайлбарлаж буйгаар, Трамп ХНС-гийн даргыг солих алхам хийж байгаа нь бодлогын хүү буурах хүлээлтийг зах зээлд үүсгэжээ. Бодлогын хүү багасах нь эдийн засгийг идэвхжүүлж, улмаар нефтийн эрэлтийг нэмэгдүүлдэг зүй тогтолтой.
Хориг арга хэмжээ ба Геополитикийн нөхцөл байдал
АНУ-ын Сангийн яамны мэдээлснээр, 10-р сард Оросын "Роснефть", "Лукойл" компаниудад тавьсан хориг нь тус улсын нефтийн орлого болон экспортод бодит дарамт учруулж эхэлжээ. Хэдийгээр зах зээл дээр нефтийн нийлүүлэлт хангалттай байгаа ч хоригийн улмаас Оросын нийлүүлэлт тасалдах эрсдэл нь үнэд дэмжлэг болсоор байна.
Мөн Трамп хориг арга хэмжээг хэрэгжүүлэх эрх мэдлийг өөртөө үлдээх нөхцөлтэйгээр ОХУ-ын эсрэг хоригийн хуульд гарын үсэг зурахад бэлэн байгаа аж. Түүнчлэн Бүгд найрамдах нам Оростой бизнес хийж буй бусад улс орнуудад "хоёрдогч хориг" тавих хуулийн төсөл боловсруулж байна.
Нийлүүлэлт ба Ирээдүйн төлөв
Нийлүүлэлтийн тал дээр, Украины халдлагын улмаас хоёр хоног зогсолт хийгээд байсан Оросын Новороссийск боомт үйл ажиллагаагаа сэргээлээ. Тус боомт болон Каспийн хоолойн консорциум (CPC) нь дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2% буюу өдөрт 2.2 сая баррель нефть экспортолдог чухал цэг юм.
Goldman Sachs банкны таамаглалаар дэлхийн нийлүүлэлт нэмэгдэж байгаа тул нефтийн үнэ 2026 он хүртэл буурах хандлагатай байна. Гэхдээ хэрэв Оросын олборлолт огцом буурвал 2026–2027 онд Brent нефтийн үнэ $70-аас давах боломжтой гэж үзжээ.
Дашрамд дурдахад, Америкийн Газрын тосны хүрээлэнгийн (API) мэдээгээр өнгөрсөн долоо хоногт АНУ-ын газрын тос, бензин болон дизель түлшний нөөц нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
