БНХАУ-ын Инфляц Эерэг Болсон Ч Экспорт, Үйлдвэрлэл Дарамтад Хэвээр Байна
Өнгөрсөн сарын Хятадын инфляц сөрөг бүсээс гарч 6 сараас хойш анх удаа энэ жилийн хамгийн өндөр өсөлтийг үзүүлэв. Тодруулбал хэрэглээний үнийн индекс (CPI) жилийн 0.2% болсон нь шинжээчдийн “Өсөлтгүй” гэсэн таамгаас илүү байв. Хятадын статистикийн газрын мэдээлснээр намрын баярын хэрэглээ нэмэгдсэн буюу дотоодын эрэлтийг дэмжих бодлогын үр нөлөө 10 сард илүү мэдрэгджээ.
Гэхдээ Хятадын үйлдвэрлэлийн салбар 10 сард сүүлийн 6 сарын хамгийн доод түвшинд хүрч, шинэ захиалга, үйлдвэрлэл, ажиллах хүч, түүхий эдийн нөөц зэрэг дэд индексүүд бүгд муудсан нь нийт үйлдвэрлэл хүчтэй суларсны дохио юм. Ялангуяа АНУ руу хийсэн экспорт 25% буурч, 7 дахь сардаа дараалан унав. Энэ нь АНУ Хятадын худалдааны маргаан, экспортын эрсдэл, дотоодын хэрэглээ сул байгаатай холбоотой.
Гэсэн ч 10 сарын 30-нд БНСУ-д болсон Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаар түр эвлэрсэн нь экспортын дарамтыг цаашид багасгаж магадгүй. Хятадын удирдлагууд өнгөрсөн сард болсон чуулганаар ирэх 5 жилийн эдийн засгийн бодлогыг танилцуулахдаа “Дотоодын хэрэглээг эрчимтэй нэмэх” шаардлагыг дахин тодотгосон. Тэд өсөлтийг зөвхөн хэрэглээгээр бус, “үр ашигтай хөрөнгө оруулалт”-тай уялдуулж, дотоод эрэлтийг тогтвортой өргөжүүлнэ гэж үзэж байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
