Huawei-гийн SuperPod технологи NVIDIA-г 6.7 дахин давсан хүчин чадалтай хэмээн мэдэгдлээ
2025 оны 9-р сарын 18-нд Huawei компани хиймэл оюун ухааны (AI) салбар дахь хамгийн том зорилтоо танилцуулж, Ascend процессороор ажилладаг дараагийн үеийн SuperPod системийг нээлээ. SuperPod гэдэг нь олон тооны AI зориулалттай чипийг (нейрон процессор) нэг дор холбож, асар том тооцооллын систем болгох технологи юм. Өөрөөр хэлбэл, ганц нэг хүчтэй чип ашиглахын оронд мянга мянган чипийг зэрэг ажиллуулж, нэг систем шиг хүчтэй болгодог гэсэн үг юм.
Тэдний шинэ SuperPod нь нийт 15,488 процессорыг нэг дор холбож ажиллах боломжтой. Ингэснээр тус тусдаа чип нь NVIDIA-ийнхаас сул байж болох ч бүгдийг нийлүүлэн ажиллуулахад маш хүчтэй болно.
Huawei-гийн тооцоогоор тэдний шинэ Atlas 950 SuperPod нь NVIDIA-ийн одоогийн хамгийн хүчтэй системээс 6.7 дахин өндөр хүчин чадалтай байж чадна. Энэ нь чипийн түвшний дэвшил бус, харин олон чипийг нэг дор "нягтруулах" буюу холбох арга дээр тулгуурлаж байгаа юм.
АНУ Хятадад өндөр хүчин чадлын чип нийлүүлэхийг хориглож байгаа, мөн Бээжин ч дотоодын компаниудад NVIDIA-ийн зарим шинэ загвараас татгалзахыг зөвлөсөн нь Huawei-д зах зээл дээр томоохон боломж олгож байна. NVIDIA ч Хятадад H20 загвараа хараахан нийлүүлээгүй байгаа юм.
Huawei энэхүү боломжийг ашиглан 2028 он гэхэд илүү шинэ чипүүд гаргах, цаашдаа бүр нэг сая GPU-г нэг системд холбосон супер кластер хийх зорилготой байна.
Шинжээчид энэ үйл явцыг нэг чипийн түвшний уралдаан биш, харин системийн түвшний томоохон дэвшил гэж харж байна. Энэ нь Хятад улс гаднын технологид хэт хамааралтай байдлаас гарч, дотооддоо илүү найдах чухал алхам боллоо гэсэн үг юм
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй