Хятад улс АНУ-ын аналог чипүүдэд дампингийн эсрэг мөрдөн шалгалт эхлүүллээ
Хятад улс АНУ-аас импортолж буй аналог интеграл чипүүдэд (IC) дампингийн эсрэг мөрдөн шалгалт эхлүүлснээ албан ёсоор зарлалаа. Энэхүү шалгалтын үндэслэл нь АНУ-ын чип үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс хэт доогуур үнээр борлуулж, Хятадын дотоодын үйлдвэрлэгчдэд шударга бус дарамт учруулж байна гэсэн гомдолтой холбоотой юм.
Уг мөрдөн шалгалт нь нэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд голчлон 40 нанометр (нм) ба түүнээс дээш технологиор үйлдвэрлэсэн чипүүдийг хамарна. Эдгээр чипүүдийг ахуйн цахилгаан хэрэгсэл, үйлдвэрийн төхөөрөмж зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнд өргөнөөр ашигладаг.
Эхний ээлжинд АНУ-ын Texas Instruments (TI), ON Semiconductor, Analog Devices (ADI), Broadcom зэрэг томоохон компаниудын чипүүдэд хяналт тогтоож магадгүй байна. Хятадын талын мэдээллээр, АНУ-аас импортлож буй аналог чипний хэмжээ сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байгаа юм. Тодруулбал, 2022 онд 1.159 тэрбум ширхэг, 2023 онд 1.299 тэрбум ширхэг, харин 2024 онд 1.590 тэрбум ширхэгт хүрсэн нь Хятадын зах зээлд эзлэх хувь нь улам тэлсээр байгааг харуулж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, энэхүү алхам нь гадаадын чип үйлдвэрлэгчдийн зах зээлд эзлэх хувийг багасгах зорилготой бөгөөд Хятадын дотоодын чип үйлдвэрлэгчдэд томоохон боломж нээж өгөх юм. Ялангуяа Жянсу мужид төвлөрсөн компаниуд энэхүү нөхцөл байдлаас ашиг хүртэх магадлалтай байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй