One Big Beautiful Bill Act: Эдийн засаг ба хувьцааны зах зээлд нөлөөлөх гол зүйлс
2025 оны 7-р сарын 3-нд АНУ-ын Төлөөлөгчдийн танхим баталж, Ерөнхийлөгч Трамп гарын үсэг зурсан "One Big Beautiful Bill Act" гэгдэж буй хууль нь томоохон татварын хөнгөлөлт, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд хязгаарлалт тавьж байна. Харин эрчим хүчний салбар зэрэгт дэмжлэг үзүүлэх зэрэг өргөн хүрээтэй зохицуулалттай юм.
Яагаад хэрэгжүүлэх болсон бэ?
2024-2025 онд АНУ-ын эдийн засагт экспорт, үйлдвэрлэл саарсан. Тиймээс эдийн засгийг түр хугацаанд дэмжих, татварын ачааллыг багасгах, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг идэвхжүүлэх шаардлага тулгарсан юм. Энэхүү хууль нь 2017 оны татварын хөнгөлөлтүүдийг 2028 он хүртэл сунгаж, корпораци болон өндөр орлоготой иргэдэд ашигтай нөхцөлийг бүрдүүлэхээр зорьжээ.
Үүний зэрэгцээ геополитик, дайны үеийн тодорхойгүй байдлыг дарах зорилгоор үндэсний аюулгүй байдлын төсвийг нэмсэн. Тус салбарын төсөв нэмэгдэж буй нь хурцадмал байдал лавшрах магадлалыг нэмж байна.
Эдийн засагт үзүүлэх нөлөө
-
Богино хугацаанд (2025-26 он): Татварын хөнгөлөлтөөр хэрэглээ, хөрөнгө оруулалт өсөж, эдийн засаг түр зуур сэргэнэ. Энэ нь компаниудын орлого сайжрах, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг болно.
-
Урт хугацаанд (2030 он хүртэл): Засгийн газрын өрийн хэмжээ эрс нэмэгдэж, 47 их наяд долларт хүрэх төлөвтэй байгаа нь төсвийн дарамтыг өсгөнө. Төрийн өрийн дээд хязгаарыг 5 их наяд ам.доллароор нэмнэ. Энэ нь эцэстээ мөнгөний нийлүүлэлтийг өсгөж, мөнгө хэвлэлт нэмэгдсэнээр хувьцааны ханш, хөрөнгүүдийн үнэ хөөрөгдөхөд нөлөөлнө.
-
Нийгмийн нөлөө: Нийгмийн халамж, эрүүл мэндийн сангууд (Medicaid, CHIP) ихээр танагдаж, ядуу иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө.
Хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө
-
Үнэт цаас (хувьцаа): Татвар буурснаар технологи, үйлдвэрлэлийн компаниудын ашиг орлого нэмэгдэж, хөрөнгө оруулалт идэвхжиж, технологи болон уламжлалт эрчим хүчний салбарт өсөлт ирнэ. Татварын хөнгөлөлтүүд дахин сунгагдсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмж, эрэлт бий болгоно.
-
Бондын зах зээл: Төсвийн өр нэмэгдэх тул Засгийн газрын өрийн хүү өсөх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл бондын үнэ унах магадлалтай. Иймээс АНУ-ын Засгийн газрын үнэт цаас руу хөрөнгө оруулах сонирхол буурна. (Бидний мэддэг TLT, TMF ETF-үүдийн үнэ өсөхгүй байх нөхцөл бүрдэнэ).
Салбарын өсөлт ба уналт
-
Өсөлттэй байх салбарууд: Технологи, уламжлалт эрчим хүч (татварын хөнгөлөлт, дэд бүтцийн дэмжлэгтэй).
-
Сорилттой тулгарах салбарууд: Эрүүл мэнд (төсвийн хязгаарлалт, халамж багассан), сэргээгдэх эрчим хүч ба цахилгаан автомашин үйлдвэрлэгчид (тусламж багассан).
Дүгнэлт
"One Big Beautiful Bill Act" нь түр хугацаанд эдийн засгийг хөдөлгөж, АНУ-ын хувьцааны зах зээлийг дэмжих ч төсвийн өрийн өсөлтөөс болж урт хугацаанд эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө. Хөрөнгө оруулагчид богино хугацааны боломжийг ашиглахын зэрэгцээ өрийн өсөлтийн эрсдэлийг анхаарах хэрэгтэй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй