ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: ИРАК, ИРАНЫ ЗӨРЧИЛДӨӨН ХЯТАДЫГ СОРЬЖ БАЙНА
Израил гэнэт Иран руу довтолсон нь дэлхийн хүчний харьцааг дахин өөрчилж Хятадыг сорьж эхэллээ. Тодруулбал, Хятад нь барууны эвсэл, АНУ, Израилийн хүчний эсрэг Ираныг дэмжих хариуцлагатай цаг үед ирээд байна.
АНУ-ын гадаад бодлогын түүхэн шүүмжлэл
Ойрын түүхийг эргэн санавал АНУ нь Иракийн ерөнхийлөгч Саддам Хуссейныг химийн зэвсэг үйлдвэрлэж байна хэмээн мэдэгдэж Ирак руу халдсан. Энэ дайн ойролцоогоор сая хүний аминд хүрч, 4-5 сая хүнийг дүрвэхэд хүргэсэн бөгөөд өнөөг хүртэл Ирак улс бүрэн сэргэж чадаагүй, улс төрийн хувьд сул дорой, нийгэм нь тогтворгүй байна.
Түүнчлэн, АНУ-ын дэмжлэгтэйгээр ЗХУ-ын эсрэг байгуулагдсан Аль-Каида бүлэглэл хожим нь АНУ-ын дайсан болсон. Улмаар Афганистанд 20 жилийн турш дайн үргэлжилсний эцэст АНУ тус улсыг нэг шөнийн дотор орхин гарч Талибанд бүхнийг даатгасан билээ.
Терроризмын эсрэг нэрийдлээр АНУ Йеменийг олон жил бөмбөгдөж тус улсыг улам доройтуулсан түүхтэй. Эдгээр жишээнүүдээс болж АНУ-ын гадаад бодлого олон улсад ихээхэн шүүмжлэл хүлээж ирсэн.
Дайны дараах Исламын ертөнцийн гурван чиг хандлага
Дэлхийн I, II дайны дараах Исламын ертөнцийн улс төрийн бүтэц 3 чиг хандлагатайгаар төлөвшсөн.
- Нэгдүгээрт, Ойрх Дорнодын араб орнууд төрийн чадамжгүй, өөрсдийгөө "шатахуун түгээгүүр" хэмээн хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрч барууны хүчний нөлөөг эсэргүүцэх чадваргүй болсон. Тиймээс аюулгүй байдлаа хадгалахын тулд нөөцөө хуваалцах замаар оршин тогтнож байна.
- Хоёрдугаарт, Иран улс барууны системд орвол тусгаар тогтнолоо алдаж, эдийн засаг, нийгмийн тогтолцоо нь сөнөнө гэдийг ухамсарлаж, бие даасан, АНУ-ын давамгайллыг эсэргүүцэгч байр суурьтай үлдсэн.
- Гуравдугаарт, Турк улс НАТО-гийн гишүүн орон боловч бүрэн дагагч бус, баруунаас харьцангуй хараат бус байр суурьтай "тусгаар хувьсах хувьсагч" хэвээр байгаа нь түүний сүүлийн арван жилийн бодлогоос тодорхой харагддаг.
Олон улсын шахалт ба Израилийн хариу үйлдэл
Израилийн хувьд сүүлийн 2 жилийн хугацаанд Газа дахь энгийн иргэдийг их хэмжээгээр хөнөөж, эмнэлэг, сургууль, хүмүүнлэгийн ажилтнууд, сэтгүүлчид, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулсаар ирсэн. Тиймээс олон улсын судлаачид Израилийг геноцид үйлдсэн хэмээн нэрлэж, Олон Улсын Эрүүгийн Шүүх Биньямин Нетаньяху болон түүний танхимын гишүүдийг буруутгаж, Европын орнуудын нутаг дэвсгэрт баривчлах шаардлагатай гэж үзэж байна.
Энэ мэтээр Израил улс олон улсын шахалтад орох үедээ анхаарлыг өөр тийш нь сарниулах зорилгоор гадаад довтолгоо хийдэг нь олон тохиолдлоор батлагдсан. Жишээ нь, Al-Shifa эмнэлгийг бөмбөгдсөний дараа Ливанд халдаж Хезболлагийн удирдагчийг устгасан, эсвэл ХАМАС-ын удирдагчийг Иранд устгасан зэрэг жишээ олон бий.
Түүнчлэн, Madleen хэмээх хүмүүнлэгийн дарвуулт завин дээрх идэвхтнүүдийг баривчилсан явдал нь Израилын харгис бодлогын ээлжит илрэл болж, Газын асуудал дэлхийн анхаарлын төвд орсон.
Дэлхийн шинэ дэг журам ба түүхэн сонголт
Нетаньяху Ираны эсрэг дайралтыг зөвтгөж, АНУ ч зайлшгүй дагах ёстой хэмээн үзэж байгаа нь зөвхөн Израилийн дотоод бодлогыг бус, барууны эвслийн гадаад бодлогыг ч хөтөлж буй мэт дүр зураг бий болгож байна.
Энэ бүхэн дэлхийн шинэ дэг журамд Исламын орнуудын оролцоо, нөлөө, эрх чөлөөний асуудлыг дахин сөхөхөд хүргэж байгаа бөгөөд хүчний харьцаа өөрчлөгдөж, Хятад, Турк, Иран зэрэг улсуудад хариуцлагатай түүхэн сонголтын цаг үе ирээд байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй