DEUTSCHE БАНК S&P 500-ИЙН ТААМАГЛАЛАА ӨСГӨЛӨӨ
Deutsche Bank Securities компанийн АНУ-ын хувьцааны зах зээл болон дэлхийн стратегийн ахлах шинжээч Банким (Бинки) Чадха зах зээлд өөдрөг төлөвтэй байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгч Трампын тарифын бодлого аажмаар зөөлрөх хандлагатай гэж үзэж буйгаа мэдэгдэв.
Чадха 2004 оноос хойш Deutsche Bank-д ажиллаж байгаа бөгөөд өмнө нь тус банкны гадаад валютын судалгааны хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.
Мягмар гарагт нийтэлсэн түүний шинжилгээнд, “Бидний үндсэн таамаглалаар худалдааны бодлого тогтворжиж, зөөлрөх хандлагатай байгаа нь хувьцааны зах зээлд өсөлт авчрах гол нөхцөл болно” хэмээн онцолжээ.
Deutsche Bank-ны зүгээс хэрэв тарифын сөрөг нөлөө бодитоор мэдрэгдэж эхэлбэл АНУ илүү уян хатан, зөөлөн худалдааны бодлогод шилжих магадлалтай гэж дүгнэж байна.
Иймд Чадха S&P 500 индексийн жилийн эцсийн таамаглалаа өмнөх 6,150 нэгжээс 6,550 нэгж болгон 6.5%-иар ахиулсан нь одоогийн ханшаас ойролцоогоор 10%-иар өндөр үзүүлэлт юм. Тэрбээр өмнө нь 7,000 нэгжид хүрнэ хэмээн таамаглаж байсан ч дөрөвдүгээр сард Трампын тарифын шинэ мэдэгдлийн дараа энэхүү өөдрөг төсөөллөө бууруулж байсан юм.
Тавдугаар сарын сүүлээр АНУ-ын холбооны шүүх Трампын зарласан тарифыг хүчингүй болгосон нь хөрөнгө оруулагчдын дунд тарифын хямралын оргил үе өнгөрсөн гэх итгэлийг төрүүлсэн. Гэвч уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсаны улмаас тарифууд түр хугацаанд дахин мөрдөгдөж эхлээд байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй