ЭЛОН МАСК ЦАГААН ОРДНЫГ ОРХИЛОО
Элон Маск нь Трампын засгийн газарт DOGE буюу Төрийн зардлыг хэмнэх газрыг (Department of Government Efficiency) удирдаж байсан юм.
Гэвч тэрээр Трампын засгаас тогтоосон татварын хуулийг шүүмжилснийхээ хариуд ердөө ганцхан хоногийн дараа цагаан ордныг орхихоор боллоо.
Маск CBS-д өгсөн ярилцлагадаа саяхан Төлөөлөгчдийн танхимаар батлагдаж, одоогоор Сенатын хэлэлцүүлэгт орсон татварын хууль нь DOGE-ын төсвийн хэмнэлтийн ажлыг үгүйсгэж байна хэмээн шүүмжилсэн юм.
Маск нийгмийн сүлжээнд: “Би Засгийн газрын тусгай ажилтан (Special Government Employee) хэмээх томилолтын хугацаагаа дуусгаж байгаатай холбоотойгоор Ерөнхийлөгч Donald Trump-д талархал илэрхийлье. DOGE нь цаашдаа улам хүчирхэгжиж, төрийн байгууллагуудад шинэ хэв маяг болон төлөвших болно” хэмээн бичжээ.
Маск өмнө нь төрийн албанд ажиллах хугацаагаа аажмаар бууруулна гэдгээ илэрхийлж байсан юм. Харин түүний өчигдөр хийсэн мэдэгдэл нь Трампын “Гоё том хуулийн төсөл” хэмээн нэрлэж байсан татварын шинэчлэлийг шүүмжилсний дараа бичигдсэн нь анхаарал татаж байна.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Цагаан ордны албаны эх сурвалж Маскийн явж байгааг баталсан байна. Харин Reuters агентлаг Масктай Трамп уулзалгүйгээр, Цагаан ордон түүнийг албан ёсоор үдэх ажиллагаа эхэлсэн тухай мэдээлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй