Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

УИХ-ын гишүүд банкнуудын IPO хийх хугацааг сунгах эсэхэд ямар байр суурьтай байв?

УИХ-ын гишүүд банкнуудын IPO хийх хугацааг сунгах эсэхэд ямар байр суурьтай байв?

УИХ-ын гишүүд банкнуудын IPO хийх хугацааг сунгах эсэхэд ямар байр суурьтай байв?

Банкны тухай хуулинд  орсон нэмэлт өөрчлөлтөөр системийн нөлөө бүхий банкнуудыг 2022.06.30-наас өмнө олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох ёстойг хуульчилсан. Гэвч УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос банкнуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн юм. 

Одоогоор Голомт, Хаан банкны IPO хийхэд шардагдах материалыг Монголбанк, СЗХ журмын дагуу хянаж байгаа юм. Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганаар системд нөлөө бүхий банкнуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо.

Чуулганы үеэр гишүүд ямар байр суурьтай байв?

С.Ганбаатар УИХ-ын гишүүн

Банкны IPO-г яаралтай хийснээр Монголын эдийн засаг солонгорно. Ганц, хоёр банк бэлтгэлээ базааж амжаагүйгээс болж IPO хийх хугацааг сунгах нь муу сурдаг хүүхдийг дэмжих гээд онц сурлагатныг боож байгаатай адил юм.

Т.Энхтүвшин УИХ-ын гишүүн

Хууль батлагдсанаар олон нийтийн дунд хүлээлт үүссэн. Хэрэв бид хугацааг хойшлуулбал  гадаадын хөрөнгө оруулагчид Монгол төрийн шийдвэр тогтворгүй гэсэн ойлголт авч үргэнэ. Хууль хойшлогдвол 2023 онд ч IPO хийгдэхгүй. Цаашлаад Төрийн өмчит компаниудыг олон нийтийнх болгох ажил ч явагдахгүй.

Д.Цогтбаатар УИХ-ын гишүүн

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь нэг салбарын эрх ашгаас том асуудал. Банкууд өөрсдөө олон нийтийнх больё гэж байна. Гэтэл баталсан хуулиасаа буцаж байгаа нь хөрөнгө оруулахаар бэлдсэн хүмүүс, сангуудын итгэлийг алдахад хүргэнэ.

М.Оюунчимэг УИХ-ын гишүүн

Эдийн засгийн байнгын хороо цаг үеийн нөхцөл байдлыг үнэлээд банкны IPO-ыг сунгах нь зөв гэж үзсэн. Эдийн засаг хүнд байхад системийн 5 банкийг хувьчлах нь хөрөнгө оруулагчдын эрх ашиг хөндөгдөх, банкны систем доголдоход хүргэж болзошгүй. Бид системээ хамгаалах ёстой.

Г.Амартүвшин УИХ-ын гишүүн

Банкны реформтой холбоотой хуулийн төслийг маш их хэл ам болж байж батлуулсан. Энэ бол банкны салбарт хийгдэх маш том реформ.  Би 1-2 банкны лобби орсон гэж хардаж байна. Бэлтгэл нь хангагдаагүй, нээлттэй хувьцаат компани болох сонирхолгүй банкнуудын лобби орсон гэж харж байна. 

Системийн ач холбогдолтой таван том банк цар тахалтай, эдийн засаг хүндрэлтэй үед 500 гаруй тэрбумын цэвэр ашиг хийсэн. Гишүүдээ үүнийг дэмжиж болохгүй шүү.  

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 

Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна.  Энэ хугацаанд банкуудын активын чанарын үнэлгээг дахин хийж, үнэлгээний үр дүнг банкуудын санхүүгийн тайланд тусгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Сунгагдах хугацаа бол нээлттэй хувьцаат компанид шилжээд дуусах сүүлийн хугацааг заана. Түүнээс хойшлуулж байгаа хугацаа биш.  Зургадугаар сарын 30-наас өмнө системийн нөлөө бүхий таван том банк олон нийтэд хувьцаагаа зэрэг санал болгох нь хувьцааны үнэ ханшид нөлөөлөх эрсдэлтэй тул нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжих хугацааг нь ирэх оны зургадугаар сарын 30-н хүртэл сунгаж байгаа юм.

Одоо бэлэн болсон банк IPO зарлаад явах нь нээлттэй.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.