Link

“ХӨЛСӨӨР АЛДАГДДАГ ЭРДЭС БОДИСУУДЫГ НӨХӨХ ЗОРИУЛАЛТТАЙ УС ГЭЭД 25 НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭНЭ...”

1-р сар. 27, 2020, 3:06 p.m.

Монос Хүнс ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Отгондарь

“ХӨЛСӨӨР АЛДАГДДАГ ЭРДЭС БОДИСУУДЫГ НӨХӨХ ЗОРИУЛАЛТТАЙ УС ГЭЭД 25 НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭНЭ...”

2019 онд Голомт Капитал ҮЦК ХХК нь Монос Хүнс ХК-ийн IPO-г амжилттай хэрэгжүүлэн, 4000 гаруй хөрөнгө оруулагчдаас 10,5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ. Тус компани нь Монгол Улсад анх удаа “Эрүүл мэндийн ус ундааны үйлдвэр” байгуулах төслөө олон нийтэд танилцуулж байсан бол тун удахгүй бүрэн хүчин чадлаараа ажиллахад бэлэн болжээ. Ингээд эрхэм хөрөнгө оруулагч танд Монос Хүнс ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Отгондарьтай ярилцсанаа хүргэе.

Та бүхэнд нийт хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг биелүүлэн “Эрүүл мэндийн ус ундааны үйлдвэр”-ээ ашиглалтад оруулахад бэлэн болсонд баяр хүргэе. Үйлдвэрийнхээ хүчин чадал, хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар танилцуулна уу?

Бид өнгөрсөн жил IPO зарлахдаа хөрөнгө оруулагчдадаа “Эрүүл мэндийн ус ундааны үйлдвэр” байгуулах төслөө танилцуулж байсан бол богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, тоног төхөөрөмжөө жигдрүүлэх туршилтын үйлдвэрлэлээ эхлээд байна.

Тун удахгүй “Эрүүл мэндийн ус ундааны үйлдвэр” бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 6.3 сая литр шүлтлэг зөөлөн ус, 3.2 сая литр цай, 1 сая литр эрүүл мэндийн бэлдмэл, 130 мянган литр биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

Төслийн хүрээнд 6 төрлийн ус, 5 төрлийн хандалсан цай, 6 төрлийн эрүүл мэндийн бэлдмэл, 2 төрлийн шүүс, 6 төрлийн биологийн идэвхт бүтээгдэхүүн буюу нийт 4 брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болно.

Монос Хүнс компани нь яагаад заавал эрүүл мэндийн ус ундаа үйлдвэрлэх болов?  Зах зээлээ хэрхэн харж байгаа вэ?

Монос Хүнс компани 2011 онд бие даасан компани болсон бол 2019 онд олон нийтийн компани болж үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Компанийн алсын хараа, эрхэм зорилго, өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага, мэдлэг, нөөцөд тулгуурлан, бид Эрүүл мэндийг дэмжих шингэн хүнс үйлдвэрлэхээр зорин ажиллаж байна.

Хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан, согтууруулах бус савласан шингэн хүнсний зах зээлийн хувьд эрүүл мэндийг дэмжсэн хүнсний зах зээлийн орон зай хангалттай бий. Монгол Улсын нийт хүн амын гуравны хоёр нь, Улаанбаатар хотын нийт хүн амын 70 хувь нь 45-аас доош насны иргэд байгаа юм. Хүмүүсийн амьдралын хэв маяг, хэрэглээний чиг хандлагыг 5 жилийн өмнөхтэй харьцуулахад хурдацтай өөрчлөгдөж байна. Тодруулбал, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэг нь эрс сайжирсныг  гэр бүл, найз нөхөд, хөршийнхөө үг, үйлдэл бүхнээс бэлхнээ харж болохоор болжээ.

Хэрэглэгчид аль болох эрүүл хүнс хэрэглэж, идэвхтэй амьдралын хэв маягийг сонгож байгаа энэ цагт тэдэнд санал болгох эрүүл мэндийг дэмжсэн шингэн хүнс үйлдвэрлэхийг зорьж байна.

Энэ нь хөрөнгө оруулагчдад ямар өгөөжтэй вэ?

Хөрөнгө оруулагчдын хүртэх өгөөжийн хувьд ногдол ашиг болон компанийн үнэ цэн чухал гэдэг нь манай хувьцаа эзэмшигчид болон компанийн үйл ажиллагаа, хувьцааны хөдөлгөөнийг ажиглагчдад тун ойлгомжтой байгаа байх. Ердөө хагас жилийн өмнө бид анхдагч зах зээлд компанийнхаа хувьцааг санал болгож байсан. Одоо татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө Эрүүл мэндийн ус ундааны үйлдвэрээ ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Тиймээс хөрөнгө оруулагчдын маань хувьд эзэмшиж буй хувьцаанаасаа өгөөж хүртэх нь ердөө л богино цаг хугацааны асуудал болов уу.

Мөн хувьцаа эзэмшигчдийн маань хүртэх бас нэг өгөөжийг зайлшгүй дурьдах нь зүйтэй. Монос Хүнс ХК-ийн эзэд нь зөвхөн үнэт цаасанд бус Монголчуудынхаа эрүүл мэндэд үнэтэй хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. Өөрөөр хэлбэл санхүүгийн үр өгөөж хүртэхээс гадна хойч ирээдүйдээ баталгаатай, эрүүл хүнс хэрэглэх боломжийг олгосон хөрөнгө оруулалтдаа сэтгэл ханамжийн өгөөж хүртэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.


Танай бүтээгдэхүүнийг сонгох шалтгаан, ач холбогдлыг тодруулахгүй юу?

Дотоодын шингэн хүнсний үйлдвэрүүд нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон жилийн туршлагатай. Харин бидний санал болгох бүтээгдэхүүн нь өнгөрсөн хугацаанд манай байгууллагын хуримтлуулсан мэдлэг туршлага, нөөцдөө тулгуурлаж хөгжүүлсэн, Эрүүл мэндийг дэмжих шингэн хүнсний бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой.

Жишээ нь, манай компанийн 4 жилийн турш үйлдвэрлэж буй ЭКОС брэндийн pH8.5 шүлтлэг зөөлөн усыг өмнө нь зөвхөн эмийн сангаар борлуулдаг байсан. Харин одоо Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэр маань ашиглалтад орсноор үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж, дэлгүүр хоршоо гээд борлуулалтын бүх сувгаар борлуулан, хэрэглэгч бүрт хүргэх боломжтой болж байна.

Үүгээр ч зогсохгүй ЭКОС брэнд нь pH8.5 шүлтлэг зөөлөн ус нь нэг нэр төрөлтэй байсан бол удахгүй эрдэс нөхөгч буюу хөлсөөр алдагддаг эрдэс бодисуудыг нөхөх зориулалттай усаар нэр төрлөө нэмэх гэж байна.

Бид 2020 ондоо багтаж дээр дурдсан ус, цай, эрүүл мэндийн бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний нийт 25 төрлийн Эрүүл мэндийг дэмжсэн шингэн хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд санал болгох болно. Бүтээгдэхүүн тус бүр маань өөрийн гэсэн онцлогтой, ач тустай байх тул хэрэглэгчид маань өөрийн болон гэр бүлийнхээ хэрэглээ, амьдралын хэмнэлдээ тохирсон сонголтыг хийх өргөн боломжтой болно гэдэгт манай хамт олон найдаж байна.