Link

ОЮУ ТОЛГОЙН ХУВЬЦАА СҮҮЛИЙН 5 ЖИЛИЙН ХАМГИЙН ДООД ЦЭГТЭЭ ХҮРЭВ

9-р сар. 29, 2015, 3:55 p.m.

Монгол Улсын стратегийн томоохон орд, далд уурхай ашиглалтанд орвол хэмжээгээрээ дэлхийн 3 дахь зэсийн орд болох Оюу Толгойн ордын төслийг хэрэгжүүлэгч компанийн 66 хувийг эзэмшдэг Туркойз Хилл Ресурс компанийн хувьцаа 5 жилийн хамгийн доод цэгтээ хүрч Нью-Иоркийн хөрөнгийн биржэд 2.48 ам.доллар луу унасан байна.

БНХАУ-ын эдийн засгийн удаашрал болон АНУ-ын бодлогын хүүний талаархи мэдээллүүдээс улбаатай дэлхийн түүхий эдийн зах зээл сүүлийн жил уналттай байгаа юм. Өнөөдөр зэсийн спот ханш Лондонгийн металлийн бирж дээр тонн тутам нь 4980 ам.доллар болсон нь өнгөрсөн сарын 26-нд хүрсэн 5 жилийн доод цэг болох 4963 ам.доллараас ялимгүй дээр байгаа дүн юм. Харин спот ханшийн 5 жилийн дундаж 1429 ам.доллар бол өнөөдөр 1127 ам.доллар байна. Алтны ханшийн 5 жилийн доод цэг өнгөрсөн сарын 5-ны өдөр 1085 ам.доллар байв.

Гленкор компанийн зарим уурхайнуудаа хааж, үр тарианы бизнесээ зарах болсон зэрэг таагүй мэдээнүүдээс улбаалж өчигдрийн арилжаагаар олон улсад уул уурхайн хувьцаанууд нэлэнхүйдээ унасан дүр зурагтай байна.

Энэ сарын эхээр Рио Тинто групп ойрын хугацаанд Туркойз Хилл дэх эзэмшлээ нэмэгдүүлэх сураг гарсан юм. Одоогийн байдлаар Рио Тинто-гийн ТХР дэх эзэмшил 50.79 хувь байгаа юм. Оюу толгойн төслийн талаар сүүлийн 5 сараас хойш байнга таатай мэдээ гарч байгаа ч хувьцааны үнэ унасаар байгаа нь Рио Тинто групп-ийн ашиг сонирхолтой нийцэж байна. Иймд бид тун удахгүй Рио Тинто-гийн хувь нэмэгдүүлэх арилжааны гэрч болох магадлалтай байна.

ТХР-ийн гэрээ батлагдахаас өмнөх буюу сүүлийн 10 жилийн сүүлийн ханш 1.14 ам.доллар юм. Олон улсын 6 банк, санхүүгийн байгууллагын шинжээчдийн дүгнэлтээр зөвхөн нэг нь салбартаа доогуур үзүүлэлт гаргана гэсэн бол 2 нь нейтрал, 1 нь барих, 1 нь авах, 1 салбартаа өсөх, 1 нь салбараа тэргүүлэх гэсэн тооцолол тус тус гаргасан байна.

Хамгийн сүүлд Рио Тинто групп энэ оны 3-р сард ТХР компанийн 511 мянган хувьцааг дунджаар 3.33 ам.доллараар худалдаж авсан байна.