Link

Мэдээ мэдээлэл

Бид танд дэлхий дахинд болоод монголын санхүүгийн зах зээлд өрнөж буй онцлох үйл явдлын мэдээллийг баталгаатай эх сурвалжаас нь цаг алдалгүй хүргэх болно.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон "Хөрөнгө оруулалтын сан байгуулах" төслийнхөө хүрээнд АНУ-д туршлага судалж байна.

2-р сар. 14, 2020, 1:18 p.m.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон "Хөрөнгө оруулалтын сан байгуулах" төслийнхөө хүрээнд АНУ-д туршлага судалж байна. АНУ-ын Вашингтон хотноо хоёрдугаар сарын 10-14-ны өдрүүдэд "Монголд үйлдвэрлэв-2020" цогц арга хэмжээ болж байна. Тус арга хэмжээг Монголын талаас "Экспорт олон улсын худалдааны төв", ХХААХҮЯ, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, олон улсын зүгээс Дэлхийн банк групп, Ворт Консалтинг групп хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, эх орноо сурталчлах зорилготой юм. Энэхүү арга хэмжээнд ноос ноолуур, оёмол сүлжмэл бүтээгдэхүүн, гоо сайхан, эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 40 гаруй ААН болон төрийн байгууллагын төлөөлөл оролцож байна.Хөрөнгийн шинэ соёлыг бүтээгч Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хувьд 2020 онд Монголын аж ахуйн нэгжүүдийн хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулах зорилгоор "Хөрөнгө оруулалтын сан"-г үүсгэн байгуулахаар зорьж байгаа тул АНУ-ын Гадаад худалдааны яам, Худалдааны төлөөлөгчийн газруудтай хийж буй хамтарсан ВИП бизнес уулзалт, хоёр улсын бизнес эрхлэгчдийн B2B уулзалтад оролцож туршлага судлах, гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгын хүрээнд ажиллаж байна. Мөн Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорацийн Монголын бизнес эрхлэгчдийн төсөлтэй танилцаж, хөрөнгө оруулалт олгох зорилготой уулзалтад оролцож, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо.  Голомт Капитал ҮЦК ХХК нь "Хөрөнгө оруулалтын сан"-г үүсгэн байгуулснаар үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах, гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулахад нь бүхий л чиглэлээр хамтран ажиллах боломжтой болох юм.
“ХӨЛСӨӨР АЛДАГДДАГ ЭРДЭС БОДИСУУДЫГ НӨХӨХ ЗОРИУЛАЛТТАЙ УС ГЭЭД 25 НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭНЭ...”

1-р сар. 27, 2020, 3:06 p.m.

Монос Хүнс ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Отгондарь “ХӨЛСӨӨР АЛДАГДДАГ ЭРДЭС БОДИСУУДЫГ НӨХӨХ ЗОРИУЛАЛТТАЙ УС ГЭЭД 25 НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭНЭ...” 2019 онд Голомт Капитал ҮЦК ХХК нь Монос Хүнс ХК-ийн IPO-г амжилттай хэрэгжүүлэн, 4000 гаруй хөрөнгө оруулагчдаас 10,5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ. Тус компани нь Монгол Улсад анх удаа “Эрүүл мэндийн ус ундааны үйлдвэр” байгуулах төслөө олон нийтэд танилцуулж байсан бол тун удахгүй бүрэн хүчин чадлаараа ажиллахад бэлэн болжээ. Ингээд эрхэм хөрөнгө оруулагч танд Монос Хүнс ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Отгондарьтай ярилцсанаа хүргэе. Та бүхэнд нийт хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг биелүүлэн “Эрүүл мэндийн ус ундааны үйлдвэр”-ээ ашиглалтад оруулахад бэлэн болсонд баяр хүргэе. Үйлдвэрийнхээ хүчин чадал, хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар танилцуулна уу? Бид өнгөрсөн жил IPO зарлахдаа хөрөнгө оруулагчдадаа “Эрүүл мэндийн ус ундааны үйлдвэр” байгуулах төслөө танилцуулж байсан бол богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, тоног төхөөрөмжөө жигдрүүлэх туршилтын үйлдвэрлэлээ эхлээд байна. Тун удахгүй “Эрүүл мэндийн ус ундааны үйлдвэр” бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 6.3 сая литр шүлтлэг зөөлөн ус, 3.2 сая литр цай, 1 сая литр эрүүл мэндийн бэлдмэл, 130 мянган литр биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Төслийн хүрээнд 6 төрлийн ус, 5 төрлийн хандалсан цай, 6 төрлийн эрүүл мэндийн бэлдмэл, 2 төрлийн шүүс, 6 төрлийн биологийн идэвхт бүтээгдэхүүн буюу нийт 4 брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болно. Монос Хүнс компани нь яагаад заавал эрүүл мэндийн ус ундаа үйлдвэрлэх болов?  Зах зээлээ хэрхэн харж байгаа вэ? Монос Хүнс компани 2011 онд бие даасан компани болсон бол 2019 онд олон нийтийн компани болж үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Компанийн алсын хараа, эрхэм зорилго, өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага, мэдлэг, нөөцөд тулгуурлан, бид Эрүүл мэндийг дэмжих шингэн хүнс үйлдвэрлэхээр зорин ажиллаж байна. Хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан, согтууруулах бус савласан шингэн хүнсний зах зээлийн хувьд эрүүл мэндийг дэмжсэн хүнсний зах зээлийн орон зай хангалттай бий. Монгол Улсын нийт хүн амын гуравны хоёр нь, Улаанбаатар хотын нийт хүн амын 70 хувь нь 45-аас доош насны иргэд байгаа юм. Хүмүүсийн амьдралын хэв маяг, хэрэглээний чиг хандлагыг 5 жилийн өмнөхтэй харьцуулахад хурдацтай өөрчлөгдөж байна. Тодруулбал, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэг нь эрс сайжирсныг  гэр бүл, найз нөхөд, хөршийнхөө үг, үйлдэл бүхнээс бэлхнээ харж болохоор болжээ. Хэрэглэгчид аль болох эрүүл хүнс хэрэглэж, идэвхтэй амьдралын хэв маягийг сонгож байгаа энэ цагт тэдэнд санал болгох эрүүл мэндийг дэмжсэн шингэн хүнс үйлдвэрлэхийг зорьж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад ямар өгөөжтэй вэ? Хөрөнгө оруулагчдын хүртэх өгөөжийн хувьд ногдол ашиг болон компанийн үнэ цэн чухал гэдэг нь манай хувьцаа эзэмшигчид болон компанийн үйл ажиллагаа, хувьцааны хөдөлгөөнийг ажиглагчдад тун ойлгомжтой байгаа байх. Ердөө хагас жилийн өмнө бид анхдагч зах зээлд компанийнхаа хувьцааг санал болгож байсан. Одоо татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө Эрүүл мэндийн ус ундааны үйлдвэрээ ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Тиймээс хөрөнгө оруулагчдын маань хувьд эзэмшиж буй хувьцаанаасаа өгөөж хүртэх нь ердөө л богино цаг хугацааны асуудал болов уу. Мөн хувьцаа эзэмшигчдийн маань хүртэх бас нэг өгөөжийг зайлшгүй дурьдах нь зүйтэй. Монос Хүнс ХК-ийн эзэд нь зөвхөн үнэт цаасанд бус Монголчуудынхаа эрүүл мэндэд үнэтэй хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. Өөрөөр хэлбэл санхүүгийн үр өгөөж хүртэхээс гадна хойч ирээдүйдээ баталгаатай, эрүүл хүнс хэрэглэх боломжийг олгосон хөрөнгө оруулалтдаа сэтгэл ханамжийн өгөөж хүртэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Танай бүтээгдэхүүнийг сонгох шалтгаан, ач холбогдлыг тодруулахгүй юу? Дотоодын шингэн хүнсний үйлдвэрүүд нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон жилийн туршлагатай. Харин бидний санал болгох бүтээгдэхүүн нь өнгөрсөн хугацаанд манай байгууллагын хуримтлуулсан мэдлэг туршлага, нөөцдөө тулгуурлаж хөгжүүлсэн, Эрүүл мэндийг дэмжих шингэн хүнсний бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой. Жишээ нь, манай компанийн 4 жилийн турш үйлдвэрлэж буй ЭКОС брэндийн pH8.5 шүлтлэг зөөлөн усыг өмнө нь зөвхөн эмийн сангаар борлуулдаг байсан. Харин одоо Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэр маань ашиглалтад орсноор үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж, дэлгүүр хоршоо гээд борлуулалтын бүх сувгаар борлуулан, хэрэглэгч бүрт хүргэх боломжтой болж байна. Үүгээр ч зогсохгүй ЭКОС брэнд нь pH8.5 шүлтлэг зөөлөн ус нь нэг нэр төрөлтэй байсан бол удахгүй эрдэс нөхөгч буюу хөлсөөр алдагддаг эрдэс бодисуудыг нөхөх зориулалттай усаар нэр төрлөө нэмэх гэж байна. Бид 2020 ондоо багтаж дээр дурдсан ус, цай, эрүүл мэндийн бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний нийт 25 төрлийн Эрүүл мэндийг дэмжсэн шингэн хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд санал болгох болно. Бүтээгдэхүүн тус бүр маань өөрийн гэсэн онцлогтой, ач тустай байх тул хэрэглэгчид маань өөрийн болон гэр бүлийнхээ хэрэглээ, амьдралын хэмнэлдээ тохирсон сонголтыг хийх өргөн боломжтой болно гэдэгт манай хамт олон найдаж байна.
О.Мөнхжаргал: Халамжийн системийнхээ ганцхан хувийг хуримтлал, хөрөнгө оруулалт болгоод үзье

1-р сар. 13, 2020, 12:52 p.m.

Хөрөнгийн зах зээл О.Мөнхжаргал: Халамжийн системийнхээ ганцхан хувийг хуримтлал, хөрөнгө оруулалт болгоод үзье Б.Солонго Хувийн тэтгэврийн сангаар дамжуулан хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх боломжийн талаар “Голомт Капитал” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргалтай ярилцлаа. Ойрын өдрүүдийн халуун сэдэв тэтгэврийн зээл байлаа. Энэ асуудал өнөөдөр хэрэгжиж байгаа нийгмийн даатгалын тогтолцоог засах зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Танай компанийн судалгааг нь хийж буй  хувийн тэтгэврийн сан байгуулах гарц шийдлийн талаар сонирхохоор ярилцлагадаа урьсан юм? Манай улсад одоо мөрдөгдөж байгаа тэтгэврийн тогтолцоо нь 1970-аад оноос эхэлсэн халамжийн хэлбэртэй. Сүүлийн үед үүнийг тэтгэврийн даатгал гэсэн нэр томьёогоор өөрчлөх тухай яригдаж байна. Гэхдээ хөгжингүй орнуудын чиг хандлагыг харвал нэг талд нь “тэтгэврийн сан” нөгөө талдаа “тэтгэврийн халамж” гэсэн хоёр ойлголт байдаг. Тэгэхээр хувийн тэтгэврийн сан гэж юу вэ? Тухайн хүн одоо авч байгаа цалингийнхаа тодорхой хувиар хөрөнгө оруулалт хийж, үүнийг нь хувийн тэтгэврийн сан хэрэгжүүлдэг гэсэн үг юм. Гэтэл одоо бидний ирээдүйдээ зориулан төлж байгаа мөнгийг хуримтлуулах нь битгий хэл халамж тэтгэмжид өгөөд дуусгаж байна шүү дээ.   Хувийн тэтгэврийн сангийн систем нь Америк, Ази гээд дэлхий дахинд хэдийн амжилттай хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл тухайн улсын иргэд ирээдүйдээ зориулан, одоо олж байгаа орлогоосоо амжилттай яваа компаниудад хөрөнгө оруулалт хийж байна. Харин ямар компанид хэрхэн, яаж хөрөнгө оруулах зэрэг  ажлыг сангийн мэргэжлийн хөрөнгө оруулагчид хийдэг. Манай улсын хувьд одоогоор ийм тоглогч байхгүй байна. Энэ хирээр Монголын хөрөнгийн зах зээл идэвхгүй байгаа юм. Хэдийгээр сүүлийн хоёр жилд хөрөнгийн зах зээл харьцангуй сэргэсэн ч дээрх боломж амьдралд хэрэгжээгүй л байна.   Тэгэхээр иргэд хувийн тэтгэврийн сангаар дамжуулан компаниудад хөрөнгө оруулалт хийж, ирээдүйд ашиг хүртэх тухайд ярьж байна гэж ойлгож болох уу? Тийм. Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа залуучуудад илүү чиглэх ёстой юм. 20 настай залуу татварын өмнөх цалингаасаа тодорхой хувийн шимтгэлийг сандаа өгөөд сан мөнгийг нь оновчтой хөрөнгө оруулалт болгож өсгөөд 40 жилийн дараа тэтгэвэрт гарахаар нь хуримтлал болгоод өгнө. Америкийн хөрөнгийн зах зээлээр жишээ авахад л ханшийн өсөлт, уналт гэх мэт бүх эрсдэлээ тооцоход жилийн дундаж өгөөж нь 10 хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл 40 жилийн турш өгөөж нь жил бүр 10 хувиар өсөж байна гэсэн үг юм. Ингэснээр тэтгэврийн насанд хүрэхдээ хангалттай тэтгэмж авах боломжтой болж байгаа юм.  Дэлхий дээр хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажилладаг олон компани бий. Тэднээс үйл ажиллагаагаа зөв удирдаж байгаа нь өрсөлдөөнд ялж, хөрөнгө оруулалт татаж чаддаг. Гэтэл Монголд төрийн удирдаж байгаа ганцхан сан байгаа нь хөрөнгө оруулалт бараг хийгддэггүй, хуримтлал үүсдэггүй сан байна. Энэ сан мөнгөө өсгөхийн тулд арилжааны банкинд хүүтэй байршуулдаг. Өөрөөр хэлбэл 1,2 сая төгрөгийн цалинтай ажилтны нийгмийн даатгалд төлсөн 300 мянган төгрөгийн шимтгэл банкинд байршиж байна гэсэн үг юм. Гэтэл мөнөөх ажилтан банкнаас зээл авах шаардлага гарлаа гэж  бодъё л доо. Банк нийгмийн даатгалын санд 13 хувийн хүү өгдөг гэж үзвэл ашигтай ажиллахын тулд нөгөө ажилтанд ядаж 15-16 хувиар зээл өгч таарна. Үүнээс болж улсынхаа эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулж, нийгмийн даатгал, татвараа төлөөд ажиллаж байгаа тэр ажилтны санхүүгийн зардал өсөөд байна шүү дээ. Тэгэхээр хувийн тэтгэврийн сан нь хөрөнгийн зах зээлд тоглогч болох нь. Гэхдээ хувь хүн өөрөө хувьцаа худалдаж авч болно шүү дээ. Заавал сангаар дамжуулах ямар шаардлагатай юм бэ? Юуны өмнө хөрөнгийн зах зээлийн өнөөдрийн нөхцөл байдлыг ярих хэрэгтэй байх. Сүүлийн хоёр жил манай хөрөнгийн зах зээл харьцангуй сэргэж, 10 орчим компани хөрөнгийн зах зээлд IPO гаргаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх олон тэрбум төгрөгийг татан төвлөрүүлээд байна. Өөрөөр хэлбэл тэдгээр компаниуд урт хугацаатай хөрөнгө оруулалтыг олон нийтээс татан төвлөрүүлээд байна гэсэн үг юм. Үүнтэй зэрэгцүүлж харвал бусад ААН-үүд банкнаас 16-17 хувийн хүүтэйгээр зээл авч байна. Тэд зээлээ төлөхийн тулд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөөс аргагүй. Мөн урт хугацааны хөрөнгө оруулалт хийж чадахгүйд хүрдэг. Таван жилийн хугацаанд 17 хувийн хүү төлөхөд л 70-80 хувийн хүүний зардал нэмэгдэж байна. Харин хөрөнгийн зах зээл бол дэлхийн хөгжлийн түүхийг бүтээж байна гэж хэлж болох юм. Энэ зах зээлээс компаниуд урт хугацааны хөрөнгө оруулалт татаж, энэ хирээр аж ахуйн нэгжүүдийн хариуцлага өндөрсөж байна. Учир нь зөвхөн гэр бүлийнх байсан компаниуд 5000 хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээдэг болж байна гэсэн үг юм. Монголын хөрөнгийн зах зээл дэх хамгийн амжилттай жишээг дурдвал “АПУ”-г хэлж болно. Хэрэв 10 жилийн өмнө тус компанийн хувьцааг авсан бол өнөөдөр 1000 хувь өсчээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хэрэглээ өсөхийн хирээр компанийн ашиг, хувьцаа эзэмшигчдийнх нь баялаг өсөж байгааг эндээс харж болно. Мөн мэргэжлийн хөрөнгө оруулагч юу хийх вэ гэвэл таныг бүрэн төлөөлнө. Жишээ нь  улсын их дэлгүүрийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгдөггүй гэсэн шүүмж байдаг. Хэрвээ мэргэжлийн хөрөнгө оруулагч байсан бол борлуулалтын орлогыг юунд зарцуулсан, хэзээ өгөөжөө өгөх вэ гэж асуух нь тодорхой юм. Хувьцаат компанийг хамгийн хариуцлагатай байлгадаг нэгж нь мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж хэлж болно.   Сангийн үйл ажиллагааг мэргэжлийн хөрөнгө оруулагч хариуцаж, сандаа мөнгө өгч байгаа иргэдийн өмнөөс хариуцлага үүрч, хөрөнгийг нь өсгөж, өгөөжийг нь нэмэгдүүлэх үүрэг хүлээнэ гэсэн үг үү? Яг тийм. 2013 онд энэ талаар хууль баталсан ч сангийн үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллага ховор байгаа юм. Зарим байгууллага дотооддоо хувийн тэтгэврийн сан ажиллуулж байгаа ч голдуу тухайн ажилтны өөрийн хүсэлтээр татварын дараах цалингаас нь тодорхой хэмжээнд хуримтлал үүсгэх үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл олон хүн татварын дараах үлдсэн мөнгөөрөө  хуримтлал үүсгэж чадахгүй байна. Хуримтлал үүсгэсэн ч ирээдүйн өгөөж нь багасдаг.   Энд “Самсунг” компанийн жишээг татъя. Манайд хөрөнгө оруулалтын сан байдаггүй учраас хувь хүмүүс хувиараа хувьцаа эзэмшдэг. Харин Самсунг компанийн 7-8 хувийн хувьцааг даатгалын, эрүүл мэндийн, тэтгэврийн сангууд эзэмшиж байна. Мөн “Самсунг”-ийн ажилчдын хөрөнгө оруулалтын сан ч гэж бий. Ажилтан бүр  Солонгосын аль компани ашигтай ажиллаж байгааг ажиглаад, дүгнээд байх боломжгүй учраас үүнийг нь мэргэжлийн хөрөнгө оруулагчид хийж өгч байна гэсэн үг л дээ. Тэд хэр хэмжээгээр аль компанид хөрөнгө оруулалт хийх, ирээдүйн үр дүн ямар байх зэрэг мэдээллийг боловсруулаад улирал тутам дүгнээд явдаг байх нь. Монголд мэргэжлийн хөрөнгө оруулагчид болоод сангууд нь үүсгэн байгуулагдаагүй учраас энэ  ажил хийгдэхгүй байгаа юм. Аж ахуйн нэгжүүд тодорхой хэмжээний их хуримтлалаар хөрөнгө оруулалт татаж чадвал Хөгжлийн банкаа хараад суухгүй шүү дээ. Хятадын компаниуд арилжааны банкнаасаа 3-4 хувийн хүүтэй зээлээр хөрөнгө татаж байхад, манай компаниуд Хөгжлийн банкнаасаа 8-9 хувиар зээл авч чадвал хамгийн сайн хувилбар болж байх жишээтэй.   Хувийн тэтгэврийн сангуудыг байгуулж, хөгжүүлэхэд хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн боловсрол маш чухал? Өнгөрсөн хугацаанд олон сургалтуудыг хийж ирлээ. Ялангуяа IPO гарах үеэр түлхүү хийж байсан. Боловсрол их дутмаг байгаа нь үнэн. Хувьцаат компанийн түүхийг яривал хөрөнгийн хэрэгцээн дээр үүссэн гэдгээр тайлбарлаж болно. Голланд улс  Инденозиас баялаг авчрахын тулд усан онгоц хэрэгтэй болсон. Иргэн бүрээсээ 100 доллар хуримтлуулаад 100 ширхэг усан онгоц бариад тэндээсээ баялгаа авчирч байсан. Энэ бол хөрөнгийн зах зээл үүссэн анхны тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл улсад нь баян банк байхгүй учраас иргэдээсээ хөрөнгийг нь хуримтлуулж ашигтай бизнес хийж байна шүү дээ. Энэ бол хөрөнгийн зах зээлийн зарчим. Түмэн шувуут” компаниар жишээ татахад эдийн засаг хөгжих тусмаа иргэдийн өндөгний хэрэглээ өсөж байна. Буруу санаагүй бол 2004 онд нэг хүнд жилдээ 20 ширхэг өндөг хүнсэндээ хэрэглэдэг байсан. Өнөөдөр 2-3 дахин өсөж жилийн хэрэглээ 80-90 өндөг болж өссөн байна. Тэгэхээр надад 10 сая төгрөг байлаа гэж бодьё. Тэр мөнгөөрөө 50 өндөглөгч тахиа аваад өөрөө өндөг үйлдвэрлэж болно. Гэхдээ үүний оронд том аж ахуйн нэгж, өөрөөр хэлбэл “Түмэн шувуут” руу энэ мөнгөө хийчих юм бол би өөрөө өндөглөгч тахиатай зууралдах ямар ч шаардлага алга. Нэгэнт байгуулагдчихсан тэр том компанийн ирээдүйн ашгийг би өнөөдөр худалдаж авч байна. Тэр компани сайн ажиллаад байвал миний хувьцаа өсөөд байна. Би говьд нэг уурхайд ажилладаг байлаа гэж бодоход цалингаасаа 1-2 хувийг тэтгэврийн сан руугаа хийгээд байвал миний өмнөөс хаана хэнд хөрөнгө оруулалт хийхийг тухайн сан шийдээд хөрөнгийн зах зээлд тоглоно. Зарим нь өндөр өсөлттэй компанид хөрөнгө оруулдаг, зарим нь ногдол ашиг өндөр өгдөг компанид хөрөнгө оруулдаг гээд олон төрлийн бодлоготой. Харин би сонгосон компанийнхаа бодлогыг дагаж ирээдүйд тэтгэврийн өгөөж, хуримтлалаа нэмэгдүүлж авна. Тэгэхээр эрсдэлийг нь ярихгүй бол болохгүй байх? Эрсдэлээ хуваан хуваарилах арга зам байдаг. Би зөвхөн “Түмэн шувуут”-д хөрөнгө оруулвал тэр компани сайн ажиллавал надад ашигтай. Харин доголдвол өгөөж нь буурна. Тэгвэл 10 сая төгрөгөө 10 компанид хуваагаад оруулчихаж болно. Эрсдэл өндөр байвал өгөөж дагаад өсдөг зарчим байдаг. Багц бүрдүүлнэ гэж бид ярьдаг л даа. Банкиндаа 50 хувиа хадгалаад, 30 хувиа бондод хийгээд, 20 хувиа хөрөнгийн зах зээл рүү хийх ч юм уу. Энэ бол хамгийн болгоомжтой хувилбар гэж явдаг. Тэтгэврийн сангийн тухайд бол ганцхан эрх, үүрэгтэй байна шүү дээ. Тэр бол иргэдийн өгсөн мөнгийг өсгөх. Сүүлийн 10-аад жилд технологийн компаниуд маш амжилттай явж байна. Ийм компанид хөрөнгө оруулдаг сан байна. Эсвэл үнэлгээ нь нэг их өсдөггүй хэрнээ, ногдол ашиг өгдөг Америкийн машин үйлдвэрлэлийн компаниудад хөрөнгө оруулдаг сан ч байна. Хоёр өөр өгөөжтэй сан байгаа биз. Хүн болгон тэр Google, Facebook яаж мөнгө хийгээд байгааг мэдэхгүй шүү дээ. Үүнийг гишүүдийнхээ өмнөөс судалж, шийдвэр гаргаж, хөрөнгийг нь өсгөх нь сангийн ажил болж байгаа юм.  Одоо иргэдийн нийгмийн баталгааг төр дангаараа хариуцаж, ганцхан байгаа сангаа эзэмшиж байна шүү дээ. Хэрэв хувийн тэтгэврийн сангуудыг байгуулаад хөгжүүлчихвэл төр ямар байдлаар оролцох ёстой вэ? Төр халамжийн бодлогоо л хэрэгжүүлэх ёстой. Америкт хэрэгждэг эрүүл мэндийн даатгалын систем гэх мэтийг хариуцах хэрэгтэй. Тэтгэврийн хувийн санд төр оролцохгүй. Харин төрийн нэгжүүд, өөрөөр хэлбэл, нэг аймгийн хуримтлалын сан тэр аймагт ажилладаг төрийн албан хаагчдын тэтгэврийн хуримтлалыг хариуцаж болно. Энэ жишиг их хүчтэй, мэргэжлийн байж чаддаг. Хамгийн алдартай нь Калифорни мужийн бүх ажилчдын даатгалын сан юм. Зөв явж байгаа microsoft, google, facebook гээд хамгийн ашигтай компаниуддаа хөрөнгөө оруулж байдаг. Харин төрийн үндсэн дэмжлэг бол хөрөнгийн зах зээлээ чөлөөтэйгээр нээж өгөхөд оршдог. Жишээ нь, Тавантолгой бол Монголын хамгийн ирээдүйтэй компани. Хонгконг дээр хувьцааг нь гаргах асуудал яригдаж байна. Давхар бүртгэлтэй нэгэн зэрэг хийх ч юм уу, эхлээд Монголд гаргаад дараа нь гадагшаа гаргах ч юм уу. Иймэрхүү бодлогоор энэ зах зээлээ төр нь дэмжээд явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол одоо халамжийн системээр Засгийн газрын зардлыг өсгөөд байна. Аж ахуйн нэгж маань олон төрлийн дарамтад уналаа. Цалингийн чинь 50 хувийг шимтгэлд авч байгаа гэж ярьдаг нь үнэн. Учир нь компани нь олон төрлийн татвар төлж байна, гааль, НӨАТ гээд, зардал нь өндөр байна. Тэгэхээр ажилчдад очих ёстой байсан бодит орлого цаагуураа нийгмийн халамж руу яваад байгаа хэрэг л дээ. Энэ нь даатгалын сангийн хөрөнгийг байршуулдаг арилжааны банкуудад хохиролтой хувилбар болох уу? Компаниуд хөрөнгийн зах зээлээс урт хугацааны хөрөнгөө шууд босгочихвол банкнаас зээл авах хэрэггүй болчихно. Энэ хэрээр улсын эдийн засаг өснө, сайжирна. Нөгөө талаар банкны хадгаламж багасахын зэрэгцээ хүү нь буурна. Дагаад зээлийн хүү бууна. Нөгөө 1.2 саяын цалинтай залуу одоо банкнаас 16 биш  6 хувийн хүүтэй зээл авах боломжтой болчихож байгаа юм. Нэг ёсондоо тухайн иргэний амьжиргаа дээшилж байгаа хэрэг юм. Банк илүү сайн засаглалтай, нээлттэй болох нь харин ч ашигтай. Иргэдийн хөрөнгө оруулалт сангаар дамжаад буцаад л банкиндаа очно. Төлбөр тооцооны томоохон хэрэгсэл нь арилжааны банк нь өөрөө шүү дээ. Харин ч хүү өгдөг хадгаламж хэлбэрээр биш харилцах дансны орлого нь нэмэгдэнэ. Хадгаламжид найдах биш банкны бусад олон бүтээгдэхүүнээ зах зээлд ашигтай ажиллуулах боломжтой болно. Манай улсад хувийн тэтгэврийн сан байгуулах хууль эрх зүйн орчин бий юу? Сан байгуулагдах боломж бол 2013 онд хуулиар баталгаажсан байгаа. Харин хэн ч энэ тогтолцоог бодит утгаар нь хэрэгжүүлээгүй байна. Яагаад гэвэл Монголын хөрөнгийн зах зээл нь олон бүтээгдэхүүнгүй. Бас туршлага дутуу байна. Хамгийн гол нь хуримтлал өгч байгаа хүмүүс татварын дараах орлогоосоо хөрөнгө оруулах боломжгүй байна. Тиймээс амьжиргааны зардлаа бодоод хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж чадахгүй байгаа юм. Тэгвэл бид татварын өмнөх орлогоосоо хэдэн хувийг хувийн тэтгэврийн сан руу оруулж байх нь тохиромжтой бол. Шимтгэлээ төлчихөөд үлдсэнээс нь өгч чадахгүй байгаа юм чинь одоо нийгмийн даатгалын санд төлж байгаа хувиасаа тодорхой хэсгийг тэтгэврийн сан руу хийгээд байх нь. Хууль хэрэгтэй байх? Хамгийн эхний бодит алхам бол одоо өгч байгаа даатгалын шимтгэлийнхээ нэг хувийг хувийн хөрөнгө оруулалтын санд өгье. Өөрөөр хэлбэл шинээр батлах хуулиндаа тусгаад явъя гэсэн үг. Одоо яригдаж байгаа хуулийн төсөлд түрүүний хэлснээр татварын дараах орлогоос хувь авах төсөл байгаад байгаа юм. Ажил хийж байгаа хүнээсээ дахиад нэмж мөнгө авах гээд байна. Халамжийн систем үнэхээр ашиггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд бид хангалттай харсан шүү дээ.  Харин энэ системийн нэгхэн хувийг хуримтлал болгоод үзвэл иргэндээ ч санхүүгийн зах зээлдээ, улсын дийн засагт ч тун хэрэгтэй байгаа юм. Бид уул уурхайн баялгаа тэгш хуваарилж, орлогыг иргэддээ өгнө гэдэг.  Баялгийг иргэддээ тэгш хуваарилж ирсэн гадны улс орнуудын жишээ бий. Англи, Норвеги улсаад нь 1970-аад онд энэ ажлыг нэг ижил түвшнээс эхэлсэн. Англи тэтгэмж хэлбэрээр өгөөд байсан. Харин Норвеги өнөөдөр нэг их наяд ам.долларын хуримтлалтай сууж байна. Яагаад гэвэл тус улс  нь мэргэжлийн хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажилласан. Дэлхийн ашигтай компаниудын хувьцааг худалдаж авсан учраас хуримтлалтай болж чадсан байна. Харин манай улс эргэлтэд ороогүй ордынхоо өмнөөс зээл авч мөнгө өгөх гээд байгаа нь буруу юм л даа. Ямар ч байсан шийдвэр гаргагчид энэ асуудалд нухацатай хандаж, ирээдүйг харсан шийдвэр гаргах цаг болсон гэж бодож байна.    Эх сурвалж: Зууны мэдээ
“INTERACTIVE BROKERS” СУРГАЛТЫН ДАДЛАГАЖУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН ЯЛАГЧ 500,000 ТӨГРӨГИЙН ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ЭРХЭЭР ШАГНУУЛЛАА.

1-р сар. 10, 2020, 11:49 a.m.

“INTERACTIVE BROKERS” СУРГАЛТЫН ДАДЛАГАЖУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН ЯЛАГЧ 500,000 ТӨГРӨГИЙН ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ЭРХЭЭР ШАГНУУЛЛАА. Хөрөнгийн зах зээлд шинэ соёлыг түгээгч Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох “INTERACTIVE BROKERS” үйлчилгээг Монгол Улсад анх удаа цогцоор нь нэвтрүүлсэн билээ. Ингэснээр харилцагч тив дэлхийн хаана ч байсан хүссэн цагтаа (24/7) гадаадын хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцож, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулгаа авах, ханш харах зэрэг бүхий л үйлчилгээг гар  утас, компьютерээ ашиглан авах боломжтой болсноос гадна хувьцаа, төрөл бүрийн үүсмэл үнэт цаас, засгийн газрын болон компанийн бонд, валют, үнэт метал зэрэг бүтээгдэхүүнүүдээс сонголтоо хийх давуу талыг бүрдүүлсэн юм. Голомт Капитал ҮЦК ХХК нь тус үйлчилгээг ашиглах хүсэлтэй харилцагчдадаа зориулан, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцоход заавал мэдэх учиртай суурь болон техник шинжилгээг хэрхэн хийх, ямар стратегийг сонгох зэрэг мэдээллийг өгөх зорилготой “INTERACTIVE BROKERS” дунд шатны сургалтыг зохион байгуулсан бөгөөд онол, практик болон бодит арилжаанд суурилж явагдсанаараа онцлогтой байв. Мөн суралцагчдыг дадлагажуулах зорилгоор хүн тус бүрт нэг сая долларын эрх бүхий зохиомол данс нээсэн бөгөөд улмаар зохиомол арилжаанд оролцохдоо хамгийн ухаалаг бөгөөд өндөр ашиг хүртсэн ялагчийг тодруулах уралдаан зарласан юм. Нэг сарын хугацаанд үргэлжилсэн тус уралдаанд нийт 60 орчим хүн хамрагдсанаас хувиараа бизнес эрхлэгч Д.Батцогт тэргүүлж, бодит арилжаанд оролцохдоо  500,000 төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгдөх эрхийн эзэн боллоо.   - Interactive Brokers үйлчилгээг ашиглан гадаадын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох дадлагажих хөтөлбөрийн ялагч болсон танд баяр хүргэе. Хөрөнгийн зах зээл яагаад таны сонирхлыг татах болов? Би аялал жуулчлалын бизнес эрхэлдэг. Тиймээс олон орны хүмүүстэй хамтарч ажилладаг юм. Тэдний дийлэнх нь дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцдог, намайг бас судалж үзээч гэсэн санал тавьж байсан л даа. Дээрээс нь манай улс шиг дэлхийд байхгүй хадгаламж, зээлийн өндөр хүүтэй улсад энэ нь яваандаа буурах нь дамжиггүй юм. Тийм болохоор санхүүгийн өөр хэрэгсэл гэхээр надад хөрөнгийн зах зээл хамгийн зөв хувилбар гэж санагддаг. Гэхдээ үнэнийг хэлэхэд Голомт Капитал компаниас сургалт зарлах хүртэл хаана хандаж, яах учраа олохгүй явсан гэх үү дээ. - Хамгийн өндөр ашгийг ямар бүтээгдэхүүнээс хийв? Хэдийгээр энэ дадлагажих хөтөлбөр нь зохиомол мөнгөөр арилжаанд оролцож байгаа ч гэсэн зах зээлийн орчин нь бодит байсан. Би сургалтаар сурсан мэдээлэлдээ үндэслээд 1 сарын хугацаанд 1 сая доллараа 1 сая 120 мянган доллар болгож өсгөсөн байна. Өөрөөр хэлбэл 12%-ийн ашигтай гэх үү дээ. Дийлэнх өсөлтөө Амазоны хувьцаанаас хийсэн. Бас хэд хэдэн жижиг компанийн хувьцааг авч үзсэн ч ханш нь унаад байсан. Тэр үед нь аль болох алдагдал бага хүлээх стратеги барьсан.  Мөн  валютын ханшийн зөрүүнээс ашиг олох зорилготой арилжаа хийж үзлээ. Ер нь суурь болон техник шинжилгээг өөрийнхөө хэмжээнд хийгээд сурчихвал хөрөнгийн зах зээл их боломжтой нь харагдсан. Мөн тодорхой хэмжээний хэлний мэдлэгээс гадна гадаад дотоодын улс төр, нийгэм, эдийн засгийн байдлын талаар зохих мэдээлэлтэй байх нь их чухал санагдлаа. Харилцагчдыгаа энэ бүхэнд суралцахад Голомт Капитал компанийн мэргэжлийн баг хамт олон үргэлж тусалдаг нь надад маш их түшиг тулгуур болно гэж найдаж байна. Ингээд тус компанийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье.
О.МӨНХЖАРГАЛ: БИД ХАРИЛЦАГЧДЫНХАА ГАРТ ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН БИРЖҮҮДИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ УДИРДЛАГЫГ НЬ АТГУУЛЖ БАЙНА

11-р сар. 13, 2019, 4:14 p.m.

Иргэд нэг үеэ бодвол хөрөнгийн зах зээлийг сонирхон судалдаг болж, дотоод гадаадын томоохон биржүүдийн арилжаанд оролцох болжээ. Тэгвэл Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон иргэдэд, дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох удирдлагыг нь атгуулж байна. Тэд дэлхийд алдартай Interactive Brokers үйлчилгээг Монгол Улсад анх удаа цогцоор нь нэвтрүүлсэн нь энэ боломжийг нээгээд байгаа аж. Бид тус компанийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргалтай ярилцлаа. Сайн байна уу? Иргэд гадаад, дотоодын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох сонирхолтой ч юунаас эхлэхээ мэддэггүй. Мөн хувьцаанаас өөр санал болгох бүтээгдэхүүн хомс гэж шүүмжлэх нь ч бий. Иргэд хувьцаа, бондын ялгаа, хөрөнгө оруулалт хэрхэн хийх, өгөөжөө яаж авах вэ гэх мэтээр хөрөнгийн зах зээлийн талаар харьцангуй сайн ойлголттой болжээ. Үүнийг дагаад Монголын хөрөнгийн биржийн арилжаа ч идэвхжиж, компаниуд олон нийтэд хувьцаагаа санал болгон нээлттэй компани болж байна. Гэхдээ хөрөнгө оруулагчдын хэлээд байгаа хөрөнгийн зах зээл дэх бүтээгдэхүүн дутмаг байна гэдэг бол үнэн. Харин гадаадын биржүүдэд зөвхөн хувьцаа биш, төрөл бүрийн үүсмэл үнэт цаас, засгийн газрын болон компанийн бонд, валют, үнэт метал гээд маш олон төрлийн бүтээгдэхүүнийг олон аргаар арилжаалдаг. Тиймээс иргэдийн хувьд бидний сайн мэдэх Apple, Google, Amazon, Facebook, Coca-Cola гээд компаниудын хувьцаа эзэмшигч болох боломж бий. Мөн тун удахгүй IPO гаргах гэж байгаа дэлхийн хамгийн ашигтай нефьтийн компани болох Саудын Арабын Saudi Aramco компанийн хувьцаа эзэмшигч болох боломж манай иргэдэд нээгдэж байна гэх мэтээр олон давуу талтай. Түүнээс гадна дэлхийн хөрөнгийн биржүүдэд арилжаалагдаж байгаа монголын компаниуд буюу тодруулбал Оюу Толгой төслийн 66%-ийг эзэмшиж байгаа Туркойз Хилл Ресурс, мөн Петро Матад, Энержи Ресурс гэх мэт компаниудын хувьцааг авч болохоос гадна ирэх оноос Таван Толгой Майнинг компанийн арилжаанд оролцох боломжтой. Манай компанийн хувьд 2014 оноос хойш, харилцагчдыгаа эдгээр зах зээлд оролцох зуучлалын буюу брокерийн үйлчилгээ үзүүлж ирсэн байгаа. Гадаадын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох хүсэлтэй хүн хамгийн түрүүнд юунд анхаарах ёстой вэ?  Нэн түрүүнд гадаад, дотоодын гэлтгүйгээр хөрөнгийн зах зээлд хөл тавих гэж байгаа бол энэ зах зээл нь банкны хадгаламжаас өгөөж авдаг хэлбэрээс нилээдгүй өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайн хүн авч буй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээ бүрэн ойлгосон байх, эрсдэл болон өгөөжөө урьдчилан тооцоолсон байх, өөрөө тодорхой хэмжээнд судалгаа хийж, түүнийгээ мэргэжлийн хүн, байгууллагатай ярилцаж жиших гэх мэтээр бэлтгэлтэй байх ёстой. Нэгэнт хөрөнгө оруулах бүтээгдэхүүнүүд дээрээ шийдвэрээ гаргасан бол хөрөнгө оруулалт хийх процесс бол харьцангуй хялбар байдаг. Танайх Interactive brokers үйлчилгээг Монгол Улсад анх удаа цогцоор нь нэвтрүүлсэн. Энэ нь яг ямар учиртай үйлчилгээ вэ? Давуу тал нь юу вэ? Interactive Brokers/IB/ нь дэлхийн топ онлайн брокеруудын нэг. Манай компани энэ жил IB-тай албан ёсоор түншлэлийн гэрээ байгуулснаар IB-ийн бүх үйлчилгээ, программыг харилцагчдадаа санал болгож байгаа юм.Давуу тал нь харилцагчийн гарт удирдлагыг нь өгч байна гэсэн үг. Харилцагч арилжааны захиалга оруулах, дансны хуулгаа авах, ханш харах гэх мэт брокерийн бүхий л үйлчилгээг өөрөө гар утаснаасаа, компьютероосоо 24/7 хийх боломжтой болж байна гэсэн үг. Тухайлбал АНУ, Канадын биржүүд Монголын цагаар орой 10:30-аас эхлээд үүрийн 05:30-д хаадаг. Харин манай брокерууд шөнийн 12:00 цаг хүртэл захиалга авдаг. Тэгвэл харилцагч системийг өөрөө ашигласнаар хэзээ ч, хаанаас ч хүссэн үедээ захиалгаа оруулах, өөрчлөх, цуцлах гээд бүх боломж нь бий болно гэсэн үг. Амралтын өдрүүдэд арилжаа явагдахгүй үед өөрийн захиалгаа системдээ урьдчилаад оруулчих давуу талтай. Гол нь өөрийн дансны хуулгаа төрөл бүрээр нь гаргаад дүн шинжилгээгээ хийж, юун дээр алдаж онож байгаагаа харичих боломжтой юм. Гадаад арилжаанд оролцоход тухайн хүнд ихээхэн хэмжээний валют байх ёстой юу? Арилжаанд оролцох босго мөнгөн дүн гэж байдаг уу? Манай компани энэхүү үйлчилгээг Монгол Улсад анх удаа цогцоор нь нэвтрүүлж байгаагаа тохиолдуулан доод шимтгэлээ бууруулж байгаа. Бага дүнгээр арилжаа хийж эхлэх сонирхолтой хүмүүс цөөнгүй байдаг. Доод шимтгэлээ бууруулснаар энэ нь боломжтой болох юм. Гадаад арилжаанд оролцох босго мөнгөн дүн гэж байхгүй. Гэхдээ тодорхой дүн хүртэл хэдэн төгрөгөөр ч орсон тэд байна гэсэн доод шимтгэл гэж бий. Энэ нь бирж болгон дээр өөр байдаг учраас манай компанид хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Ер нь хөрөнгийн биржийн арилжаанд оролцохын өгөөж болон эрсдэл нь юу байдаг вэ? Өгөөж, эрсдэл хоёр бол байнга цуг явдаг ойлголт. Өөрөөр хэлбэл та өндөр өгөөж авахыг хүсвэл, өндөр эрсдэл гаргах болно гэсэн үг. Эрсдэлгүй гэж үздэг бүтээгдэхүүнүүд бага өгөөжтэй байдаг л даа. Өгөөжийн хувьд олон улсын биржүүд дээр өдөртөө хэд дахин нугарч өсдөг бүтээгдэхүүнүүд ч байна. Энэ нь нөгөө талдаа зах зээлээс хамаараад өдөртөө хэд дахин унаж ч болзошгүй гэсэн үг. Анхлан хөрөнгийн зах зээл рүү орж байгаа хөрөнгө оруулагчдыг энэ төрлийн бүтээгдэхүүнээс зайлсхийхийг бид зөвлөдөг. Эрсдэл даах чадвар гэсэн чухал ойлголт бий. Хүн бүрийн эрсдэл даах чадвар харилцан адилгүй байдаг. Үүнээс хамаараад тухайн хүний хөрөнгө оруулалтын багц өөр байдаг. Мэдээж хүн бүр хадгаламжтай байх хэрэгтэй. Үүний дараа хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээ сонгох нь зөв л дөө. Хэрэв та эрсдэлээс зайлсхийдэг бол засгийн газрын бонд, компанийн бонд, ногдол ашиг тогтмол тараадаг, үйл ажиллагаа нь тогворжсон томоохон компанийн хувьцаа авах нь зөв юм. Жишээ нь Америкийн хөрөнгийн зах зээл 30 их наяд доллараар хэмжигддэг. Урт хугацааны өгөөж нь доллараар 10 хувь байдаг. Тэгэхээр хамгийн боломжийн бүтээгдэхүүн бол нийт зах зээлийн үнийн илэрхийллийн /ETF/ биржээр арилждаг хамтын нээлттэй санд хөрөнгө оруулах юм. Ойлгомжтойгоор тайлбарлахад та 100 долларын хөрөнгө оруулалт хийлээ гэж үзэхэд Америкийн хөрөнгийн биржид худалдаалагдаж байгаа бүх компанийн хувьцаанаас тодорхой хэмжээнд эзэмшнэ.Нэг компанийн хувьцаа уналаа гэхэд нөгөө компанийн өсөлт нь эрсдэлээс хамгаалж байдаг гэсэн үг л дээ. Харин эсрэгээрээ эрсдэлтэй ч гэсэн өндөр өгөөжтэй байж болох, бүтээгдэхүүн рүү орох дуртай хүн бол үүсмэл үнэт цаас, шинээр гарч байгаа хувьцаанууд, ханшийн хэлбэлзэл өндөртэй хувьцаанууд руу ихэнх мөнгөө оруулдаг гэх мэт ялгаатай байдаг. Тэгэхээр хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох хүсэлтэй иргэд шийдвэрээ яг ямар мэдээлэл дээр тулгуурлаж гаргах ёстой вэ? Та бүхэн юу гэж зөвлөдөг вэ? Хөрөнгийн биржийн арилжаанд оролцох нь зүгээр нэг мөрийтэй тоглоом тоглохтой адил зүйл биш. Компанийн хувьцаа авч байгаа бол тухайн компанийнхаа бизнес загвар, юунаас яаж мөнгө олдог, тухайн зах зээл дэх байр суурь, салбарын чиг хандлага, өрсөлдөөн, компанийн өсөлт, уналт, орлого, ашиг, өр, авлагын үзүүлэлт, хувьцааны ханшийн хөдөлгөөн гээд цөөнгүй хүчин зүйлсийг харгалзах хэрэгтэй болно. Хийж байж л хүн туршлагаждаг учраас тодорхой хэмжээгээр судалгаагаа хийгээд, бусадтай зөвлөөд эхлэх хэрэгтэй. Эхний ээлжинд заавал бодит мөнгөөр биш, туршилтын журмаар хийгээд үзэж болно шүү дээ. Бэлэн боллоо гэж үзэхээрээ бодит мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийх нь зүгээр. Тиймээс хөрөнгийн зах зээл болоод гадаад дотоодын арилжаанд оролцох хүсэлтэй харилцагчдадаа бид боловсрол олгох чиглэлд түлхүү анхааран ажиллаж байна. Тухайлбал? Мэдээж бид харилцагчдадаа хөрөнгийн зах зээл, сонирхолтой болоод ханшийн хөдөлгөөн орж болзошгүй компаниудын талаарх мэдээ, мэдээллийг тогтмол хүргэж, зөвлөгөө өгч ажилладаг. Мөн тун удахгүй буюу энэ оны 11-р сарын 23-ны бямба гарагт харилцагчдадаа болон гадаадын хөрөнгийн зах зээлийг сонирхож буй хүмүүст зориулж дунд шатны сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалтын тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл? Сургалт маань дунд шатных учраас хувьцаа, бонд гэж юу вэ гэсэн анхан шатны зүйл төдийлөн яригдахгүй. Үндсэн сургалтын агуулгад, суурь шинжилгээний ойлголтуудаас гадна аль нэг компанийн хувьцааг авах гэж байгаа бол санхүүгийн тайлангийнх нь аль хэсгийг харах, тэдгээрээс ямар харьцаанууд гаргаж ажиглах, техник шинжилгээг хэрхэн хийх, ханшийн хөдөлгөөнийг техник шинжилгээ хийж, таамаг гаргах, мөн арилжааны төрөл бүрийн стратегиудын талаар ярилцах юм. Дээр нь IB платформ дээр хэрхэн ажиллахыг зааж өгнө. Тухайлбал данс нээхээс эхлээд, төрөл бүрийн захиалга оруулах, хуулгаа харах гээд хэрэглээ талд нь зөвлөмж өгөх юм. Ерөнхийдөө хэт их онол ярихгүй, практик жишээ, бодит арилжаан дээр түлхүү суурилсан сургалт болгохоор зорьж байна. Сургалтын бүртгэлийг ирэх 7 хоногийн нэг дэх өдрөөс эхлэн Golomt Capital гэсэн өөрийн фэйсбүүк пэйж хуудсаараа авах юм. Шинэ бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. Голомт Капитал ҮЦК ХХК Холбогдох утас:70121530